“Токио-2020” зуны олимпын наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох сүүлчийн буюу Дэлхийн тэмцээн Болгарын нийслэл Софид эхэллээ. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болж 57 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа ХҮЧ спорт хороо, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Токиогийн олимпын наадамд оролцох эрхээ халаасаллаа. Монголын чөлөөт бөхийн тамирчдын олимпын наадмын найм дахь, эрэгтэй бөхчүүдийн гурав дахь эрх болж байна. Бэхээ гавьяат дөнгөж сая хагас шигшээд олимп, дэлхийн дэвжээнээс хараахан медаль хүртээгүй ч Европ тивд гурвантаа түрүүлсэн, Азербайжаны гүрж гаралтай хашир туршлагатай бөх Георгий Эдишерашвилиг 6:2-оор яллаа.
Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд 2017 онд Парисын ДАШТ-ий хагас шигшээд ялагдаж байсан Японы Юки Такахашитай даагаа нэхнэ.