Токиогийн Олимпын наадамд оролцох тамирчдын дийлэнх нь вакцинжуулалтад хамрагдана гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ мэдэгджээ.
ОУОХ Гүйцэтгэх зөвлөлийн цахим хуралдааныг лхагва гарагт явуулж, гишүүд Токиогийн Олимп, Паралимпын наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлсэн байна.
Тамирчдын дийлэнх олонх нь вакцинд хамрагдана гэж ОУОХ-ны төлөөлөгч Марк Адамс мэдэгдсэн хэдий ч чухам хэдэн тамирчин хийлгэхийг дурдаагүй байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, наадамд оролцохоосоо өмнө тамирчид, төлөөлөгчдийн 70 орчим хувь нь вакцин хийлгэнэ гэж ОУОХ найдаж байгаа аж.
Түүнчлэн халдварын тохиолдол өссөөр байгаа тул зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд Япончууд сөрөг хандлагатай байгааг Адамс хэлжээ. Наадмыг аюулгүй зохион байгуулна гэдгийг тэрбээр мэдэгдэхийн сацуу вакцинжуулалтын хөтөлбөр япончуудад маш тодорхой мессеж өгнө гэдгийг цохон тэмдэглэв.
Үүнээс гадна Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Сэйко Хашимото мэдэгдэхдээ, наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэх уриалга гаргаж, түүнд нэгдэхийг хүсэх нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал юм гэжээ. Түүнчлэн тамирчидын тайван бэлтгэл хийх бололцоог эрх баригчид олгох ёстойг онцлон тэмдэглэсэн байна.