Монголын банкны холбооноос Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нарын өрөөг тохижуулахад зориулан шаардлагатай байсан тавилга, тоног төхөөрөмж, эд зүйлсийг гардуулж өглөө.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Өнгөрсөн оны сүүлээр дотооддоо халдвар гарснаас хойш хагас жилийн хугацаанд 47 мянга орчим хүн Ковид-19-ийн халдвар авч, 190 гаруй хүн халдварын улмаас нас бараад байна. Тиймээс энэ онцгой, хүнд цаг үед хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж буй эмч мэргэжилтнүүддээ банкны салбарын зүгээс талархал илэрхийлэн, сэтгэлийн дэмжлэг үзүүллээ.