Монгол Улсынхаа нэрийг дуудуулах олимпын эрхээ авсан МУГТ, Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн ахмад М.Уранцэцэгтэй ярилцлаа.
2012-2021 оны хугацаанд Олимпын наадам /Olympic Games/-д 5, 7 дугаар байр, Дэлхийн аварга шалгаруулах /World Championships/ болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /Continental Championships/, Оюутны Их наадам, Дэлхийн цомын тэмцээн /World Cup/, Мастерууд /Masters/ ангилал, Их дуулга /Grand Slam/, Гран при тэмцээн /Grand Prix/-ээс 22 алт, 16 мөнгө, 20 хүрэл медаль хүртэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 200 дугаар зарлигаар Монгол Улсын “Гавьяат тамирчин” цол, дэлхийд чансаагаараа Жүдо бөхийн эмэгтэй тамирчдын -48 кг-ын жинд 4 дүгээр байранд эрэмбэлэгдэж, 2020 онд “Гиннесийн ном”-нд бүртгэгдсэн.
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг төр засгаас үнэлж, 2013 оны “Бөртэ-чоно” наадмын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар тодорсон, “Цагдаагийн гавьяа”, “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр шагнагдсан.
Яагаад жүдогоор хичээллэх болсон бэ? Танд юу нөлөөлөв?
Бага байхын л их эршүүд хүүхэд байсан. Хөдөө өссөн болохоор ч тэр үү хатуужилтай. Бага байхад аав маань намайг эрэгтэй хүүхдүүдтэй их барилдуулдаг байлаа. Би ч өөрөө барилдах дуртай. Сайн ч барилддаг байсан.
Яг жүдогоор хичээллэсэн түүх гэвэл анх 16 настайдаа боксоор хичээллэнэ гээд боксын зааланд очтол засвартай байсан. Хажууд нь жүдогийн заал байрладаг байлаа. Боксын заал онгойсон эсэхийг харахаар өдөр болгон очихдоо жүдогийн заалыг шагайж харсаар байгаад дуртай болчихсон юм. Жүдогоор хичээллэж эхлээд 1 жил болоод анхны медалиа авсан. Түүнээсээ урамшаад илүү шаргуу хичээллэх болсон.
Энэ спортоор хичээллэхэд эмэгтэй хүн байтугай эрчүүд хүртэл шантардаг байх. Тэр үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг бэ?
Мэдээж шантрах үе бишгүй л тохиолдоно. Тэр болгонд өөрийгөө аль болох хурцалж, зоригжуулахыг боддог. Миний өнөөдрийн ололт, амжилттай яваа минь яалт ч үгүй жүдогийн үр дүн. Бэрхшээл бүрийн цаана амжилт, үр дүн байсан учраас л энэ спортоо орхилгүй улам илүү хичээж байна. Тариачин хүн тарьсан зүйлээ өдөр бүр усалж тордсоны эцэст үр шимийг нь хүртдэг шиг, спорт ч бас шаргуу бэлтгэл сургуулилтынхаа үр шимийг тэмцээн уралдаанд оролцож л мэдэрдэг.
Цагдаагийн алба завгүй, цаг наргүй гэдгийг хүн бүр мэднэ. Завгүй ажлын хажуугаар цаг наргүй бэлтгэл хийнэ. Энэ бүгдийг хэрхэн зохицуулдаг вэ?
Мэдээж цагдаагийн алба бол маш их завгүй, цаг наргүй ажилладаг алба. Ажлынхаа хажуугаар бэлтгэл хийнэ, тэмцээн уралдаанд оролцоно гэвэл амжихгүй л дээ. Тэр бүгдийг минь ойлгож, дэмждэг хамт олонтой байна гэдэг үнэхээр сайхан. Би үнэхээр азтай хүн. Гэр бүл, ажлын хамт олон гээд бүгд л намайг ойлгож, дэмжиж, боломж бололцоогоороо тусалж, шаардлагатай үед ажлаас минь хүртэл чөлөөлж байна. Ийм сайхан хамт олныхоо итгэлийг алдахгүйн төлөө бэлтгэлээ л шаргуу хийж байна даа.
Хэрвээ та тамирчин биш байсан бол?
Бага байхын л цагдаа болно гэж боддог байсан. Тиймдээ ч энэ мэргэжлээрээ Дотоод хэргийн их сургуульд суралцаж 2013 онд төгссөн. Хүсэж, мөрөөдөж байсан албандаа өөрийн дуртай ажлаа хийгээд явна гэдэг их аз. 100 жилийн түүхтэй энэ албаныхаа нэгээхэн хэсэг болж түүхээс нь бүтээлцэж яваадаа маш их баяртай байгаа. Монголын цагдаагаа төлөөлж олимпын их наадамд амжилттай оролцож 100 жилийн ойдоо бэлэг барихаар хичээж байна.
Цагдаагийн байгууллагад дасгалжуулагч хийхийн онцлог болон давуу тал нь юу байдаг вэ?
Зөвхөн тамирчдын бэлтгэл, сургуулилтыг хийлгэх биш алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангуулах, бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, сургалт зохион байгуулдгаараа онцлог. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад спортоор хичээллэдэг, амжилт гаргаж яваа олон алба хаагч бий. Тэднийхээ амжилтыг ахиулах зорилгоор дасгалжуулж байгаадаа баяртай байдаг. Алба хаагчид маань завгүй, шахуу ажлын хуваарьтай ажилладаг ч бэлтгэлээ таслахгүй хийж байгааг нь хараад тэднээсээ урам зориг, эрч хүч авдаг.
Олимпод оролцож байсан дурсамжуудаасаа хуваалцаач? Одоо 3 дахь удаагаа олимпын их наадамд оролцох гэж байна шүү дээ?
Хамгийн анх 2012 оны Лондоны олимпод оролцсон. Тухайн үед хүүхэд ч байж. 7-р байранд орсон. Анхны олимпод чамгүй сайн барилдсан гэж өөрийгөө боддог. 2016 онд онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Дэлхийн аварга болчхоод 2016 оны Бразилын олимпод оролцоод тавдугаар байранд орсон. Олимпод оролцох бүрдээ байр шагнал авч чадаагүй ч амжилтаа ахиулахыг хичээдэг. Одоо энэ амжилтаа дахин бататгаад байр эзэлнэ гэсэн зорилготой байгаа /инээв/. Одоо бас олимпод оролцохынхоо өмнө Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тэмцээн маань 14 хоногийн дараа Унгар улсад зохион байгуулагдана. Олимпын бэлтгэл ДАШТ-ний бэлтгэл гээд өглөө 2 цаг өдөр 3 цаг орой 3 цаг гээд өдөрт 8 цаг бэлтгэж хийж байгаа.
Монгол улсаас анх удаа Visa олон улсын байгууллагын TEAM VISA хөтөлбөрт хамрагдсан тамирчин болсон гэж сонссон?
TEAM VISA-д орсон нь миний хувьд маш том нэр төрийн хэрэг болж байна. Маш цөөхөн тамирчид л хамрагдаж чаддаг, тамирчдын дунд нэр хүндтэй хөтөлбөр л дөө. Үүнд эх орноосоо анх удаа багтсандаа их баяртай байгаа. Энэ нь цаашид Монголын бусад тамирчид маань энэ багт орох эхлэлийг тавьсан байх гэж найдаж байна.
Энэ хөтөлбөрт бүх спортын төрлийн тамирчдаас зөвхөн нэг л тамирчин сонгон авдаг. Тухайн тамирчны гаргасан амжилт нь байнга өссөн үзүүлэлттэй байх ёстой юм байна лээ.
Гэрээ байгуулах үеэр Team Visa тамирчдадаа зөвхөн спортын амжилт төдийгүй нийгэмдээ оруулсан хувь нэмэр, зан чанар дээр нь ч өндөр шалгуур тавьдаг юм байна лээ.
Амжилтаа улам ахиулаад Монгол улсынхаа нэрийг дуудуулж, төрийн дууллаа эгшиглүүлээд ирээрэй.