Цаг үеийн мэдээ

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн өнөөдөр /2021.05.27/ Красноярск хотод түүний нэрэмжит спорт цогцолборт эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд энэ жилийн Азийн аварга ОУХМ З.Болортунгалаг гурав ялж маргааш алтан медалийн төлөө хүч үзнэ. 59 кг-д ОУХМ Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хоорондоо барилдаж ялсан нь жиндээ түрүүлэх магадлал өндөр. Тэгвэл 55 кг-д Орхон аймгийн тамирчин ОУХМ Б.Халиунаа, 50 кг-д “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал нар маргааш хүрлийн төлөө хүч үзэх бол Б.Энхзул дагаж барилдана. 50 кг-ын жингийн манай хоёр бөх эзэн орны Милана Махачевад ялагдсан бөгөөд маргааш хоорондоо хүрэл медалийн төлөө барилдах боломжтой. Өнөөдөр барилдсан манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 57 кг-д П.Дашцэрэн, 61 кг-д Н.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 55 кг-д Б.Марал нар тэмцээнээ өндөрлүүллээ.

Таны сурталчилгаа