Цаг үеийн мэдээ

Олон улсын залуучуудын JCI Монгол байгууллагын 2021 оны үндэсний ерөнхийлөгч Г.Баярмагнай тэргүүтэй удирдлагын баг, салбар байгууллагын хамт олон “Бяцхан үрсээ хамгаалъя” аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилсөн нийт иргэдийн 20 орчим хувь нь хүүхэд байгаатай холбогдуулан тус байгууллагын хамт олон 4 кг-ын багтаамж бүхий 50 ширхэг хүчилтөрөгчийн баллон, 70 мянган маск тэргүүтэй нийт 30 орчим сая төгрөгийн үнэ бүхий бараа материал хандивыг коронавирусийн халдвараар өвчилсөн хүүхдүүдийн эмчилгээнд зориулж хандивласан бөгөөд энэ нь 100 хувь JCI Монгол байгууллагын хамт олны хандиваар бүрджээ. 

JCI Монгол байгууллага нь 1992 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын залуучуудын байгууллага юм. 2021 оны байдлаар тус байгууллага 1000 гаруй идэвхтэй иргэн, бизнес эрхлэгч гишүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээж байгаа аж.

Дэлхий дахинд тархаад буй COVID-19 цар тахлын халдвар Монгол Улсад бүртгэгдсэн үе буюу 2020 оны нэгдүгээр сард даруйд JCI Монгол байгууллага “Хайртай хүмүүсээ хамгаалъя” аяныг санаачлан энх цагийн тэргүүн фронтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг халдвараас сэргийлэх, хамгаалалтын хувцас амны хаалтыг хандивласан билээ. Дээрх аяны хүрээнд Нийслэлийн зургаан дүүрэг, Дархан-Уул, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг болон, хүүхдийн, ахмадын эмнэлэгүүдэд гар ариутгалын сав, бодисоор хангасан юм. Мөн 1000 ширхэг хамгаалалтын хувцасыг эмч эмнэлэгийн ажилчидад тараасан бол энэ онд JCI Монгол байгууллага “Бяцхан үрсээ хамгаалъя” аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Манай улсын хэмжээнд COVID-19 цар тахлын халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь бага насны хүүхэд байгаа бөгөөд мөн асран хамгаалагч нь халдвар авсаны улмаас хараа хяналтгүй болсон хүүхдүүдийн тоо их байгаа нь энэ удаагийн аяныг хүүхдүүд рүү чиглүүлэн ажилалаа. Аяны хүрээнд нийт 30 сая төгрөгийн үнэ бүхий бараа материал, мөнгөн хандив цугласан бөгөөд хандивууд бүгд JCI Монгол байгууллагын гишүүдээс бүрджээ. Мөн аяны хүрээнд цугласан бэлэн мөнгөөр Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хүсэлтээр хүүхдийн хүчил төрөгчийн баллон гадаад улсаас авчирч өнөөдөр бусад цугласан хандивын хамт Эрүүл мэндийн сайд С.Энхболдод JCI Монгол байгууллагын 2021 оны Удирдлагын багийн гишүүд хүлээлгэн өглөө. 

Энэхүү хүчилтөрөгийн баллон нь коронавирусийн халдвараар өвчлөн эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүд өөрийн даах хэмжээний буюу 4 кг багтаамж бүхий баллонтой хүчилтөрөгчөөр хангагдаж, уушгаа хамгаалан хүндрэлээс сэргийлж чадах юм. 

Цар тахлын энэ хүнд үед иргэд олон нийт, эцэг эхчүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хүүхдэд чиглэсэн анхаарлыг нэмэгдүүлж, нэг ч хүүхэд эндэлгүй эсдэлгүй даван туулах нь энэ аяны гол зорилго юм. Тэд энэхүү аянаараа дамжуулан хүүхдэд зориулсан вакцин гараагүй, нийт өвчлөгчдийн 20 хувь нь хүүхэд байгаатай холбогдуулан эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, хүүхдээ эрсдэлээс хамгаалахыг уриалж байгаа ажээ. 

 

Таны сурталчилгаа