Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээнд манай бөхчүүд өчигдөр хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл гурав дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, Дмитрий Миндиашвилигийн ОУТ-ий хүрэл, УАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Батхуягийн Хулан хүрэл медаль хүртэв. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд эзэн орны Лариса Карымоваг 5:2-оор ялснаар тус тэмцээнээс анхны хүрэл медалиа зүүлээ. Харин 62 кг-д ОУХМ Э.Гантуяа хоёр ялж, хоёр ялагдсан ч медаль хүртэж чадсангүй. Тэрбээр Оросын хоёр бөхтэй ялалт, ялалтын харьцаа тэнцсэн ч онооны чанараар медалийн гадна үлдсэн.
Маргааш тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин спортын мастер Д.Оргилох, эмэгтэйчүүдийн 68 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бол 72 кг-д ОУХМ Э.Даваанасан хэсгийн сүүлийн барилдаанаа хийнэ. Тэрбээр хоёр ялж, нэг ялагдаад байгаа юм.