Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Бентью суурин дахь Дотоодын дүрвэгсдийн хуарангийн хүүхэд багачуудын дунд баярын арга хэмжээг “Хубилай” баазын байрлалд зохион байгууллаа.

Энэхүү өдрийг манай энхийг сахиулагчид НҮБ-ын хамгаалалттай Дотоодын дүрвэгсдийн хуарангийн хүүхэд, багачуудыг багахан ч болтугай баярлуулах, дайн самуун, байгалийн гамшиг, өлсгөнгийн зовлонг түр атугай мартуулж, тэдэнд баяр хөөр, аз жаргал түгээх зорилгогоор зохион байгуулсан юм.

Баярын арга хэмжээнд Дотоодын дүрвэгсдийн хуарангийн 8 сургуулийн 150 гаруй хүүхдүүд оролцсон бөгөөд тэдний дунд бүжгийн тэмцээн зохион байгуулж, урлагийн тоглолт, өдрийн амтат хоол, хүүхэд бүрт гарын бэлэг, тоглоом, хичээлийн хэрэгслийг бэлэглэж, дурсгалын зургаа татуулан нэгэн өдрийг хүүхдийн баяр хөөр, инээдээр дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

Түүнчлэн хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд  зохион байгуулсан арга хэмжээг талархан хүлээн авч, өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтуудыг үзүүлсэн нь эх орон, энхрий үрсээ санасан энхийг сахиулагчдын маань сэтгэлийг ихэд хөдөлгөж байлаа.

Ахлах дэслэгч Г.Цэрэннадмид

Таны сурталчилгаа