МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй. Энэ талаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатараас тодрууллаа. Тэрээр: "2021 оны 5 сарын 28-ны өдөр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурал болж МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас Н.Түвшинбаярыг түтгэлзүүлсэн. Бидэнд Олон улсын олимпын хорооноос удаа дараа бичиг ирсэн. Тухайн бичигт танай олимпын хорооны ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээлэл байна бодит байдлыг мэдэгдэнэ үү! гэх утггатай 6 бичиг ирсэн. Олон улсын олимпын хороо бол дэлхийн 206 орныг нэгтгэсэн МҮОХ-ны дээд байгууллага. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт ёсзүйн ямар хариуцлага тооцож байна вэ? хэрвээ хариуцлага тооцож чадахгүй бол Олон улсын олимпын хорооны ёсзүй хороогоор авч хэлэлцэнэ гэсэн мэдэгдэл ирсэн. Ингээд 5 сарын 27-ны өдөр Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч ирж ажилдаа орохоо мэдэгдээд олимпын хорооны мэйл хаяг, сайтын нууцлалыг өөрчлөөд өөрөө олон улсын олимпын хорооруу захидал явуулсан байсан. Тухайн захидалдаа МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байсан. ОУОХ хариу захидалдаа ёсзүйн ямар хариуцлаг хүлээсэн эсэхийг мэдэгдэх, ёсзүйн хариуцлага хүлээлгэсэн ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол Олон улсынн олимпын хорооны ёсзүйн хороогоор хэлэцэхэд хүрнэ гэсэн байсан. Ингээд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж хуралд дэлхийн 206 орны олимпын хороодыг хариуцсан захирал цахимаар хуралд оролцож санал бодлоо ярилцсан. Олимпын хорооны ёсзүйн дүрмийн 1.4-т заасан хүний биед онц ноцтойгоор гэмтэл учруулбал тооцох хариуцлагын дагуу гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэр гаргаж МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас түтгэлзүүлсэн. Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байх хооронд Н.Түвшинбаяр ОУОХ-руу бичиг явуулаад тамгаа аваад явсан байсан. Бид дотооддоо ярилцаад журмаараа шаардах хуудас, мэдэгдэл өгсөн. Тамгаа буцааж өгөх байх гэж найдаж байна. Өгөхгүй тохиолдолд хууль журмын дагуу тамгаа олж авна. Энэ тамганы асуудлаас болж ОУОХ-той харьцах, дотоодын холбоодтой харьцах, олимпын наадамд хариу өгөх зэрэг маш олон асуудалд доголдол үүсээд байна" гэлээ.