ЭМГЭНЭЛ
БАВУУГИЙН НАМЖИМ
(1941-2021)
Чөлөөт бөхийн ахмад тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Бавуугийн Намжим нь 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын чөлөөт бөхөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Б.Намжим нь 1941 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Бага наснаасаа эцэг эхийн гар дээр өсч 1951-1958 онуудад сумын долоон жилийн сургуулийг төгсч улмаар Улаанбаатар хотноо шилжин ирж, 1960-1963 онд Улаанбаатар хотын толгойтын төв бараа ачигчаар ажиллаж байхдаа чөлөөт бөхийн спортоор эхлэн хичээллэж, их спорттой амьдралаа холбосон. 1963-1973 оны хооронд улсын шигшээ багт тамирчин байх хугацаандаа зуны олимпийн наадамд хоёр удаа, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон. 1967 оны Энэтхэгийн Дели хотод болсон ДАШТ-д тавдугаар байрт орсон нь Монголын спортын хамгийн анхны том амжилтын нэг байлаа.
Б.Намжим нь чөлөөт бөхөөр барилдах хугацаандаа Монголын бүх ард түмний спартакиадад түрүүлж, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 5 алт, 3 мөнгө, 1 хүрэл авснаас гадна, Тбилиси, Дан Колов, Киев, Ираны олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байв. Тэрбээр 1973 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртснээс гадна “Мехико-1968”, “Мюнхен-1972” олимпийн их наадамд шагналт байр, ДАШТ-д гурван удаа шагналт байр эзэлж байсан манай чөлөөт бөхийн "Алтан үеийн"-ийн том төлөөлөгчдийн нэг байв.
Түүнийг хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат тамирчин, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Биеийн тамирын тэргүүний ажилтан, Биеийн тамирын 80 жилийн ойн медаль, Олимпийн 40 жилийн ойн алтан медаль зэргээр шагнасан.
Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг даруу зан бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно. Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО