Монголын Үндсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжавтай цөөн хором ярилцлаа.
Улсын баяр наадмыг цахимаар хийх шийдвэр Засгийн газраас гарлаа. Бэлтгэл ажил хир хангагдаж байна?
Ц.М: Үзэгчгүй наадам өмнөх жил шиг зохион байгуулах шийдвэр гарч байх шиг байна. Цахим гээд буруу нэрлээд үүнийг нь янз бүрийн хүмүүс цахим барилдаан, цахим морины уралдаан гэж юу байх вэ гээд шүүмжлээд байгаа. МҮБХ наадмын бөхийн барилдааныг олон жил зохион байгуулсан болохоор баг хамт олон, жаяг дэгийн баг наадмын барилдаанаа төвөггүй зохион байгуулна.
Баяр наадмын хууль хэзээ батлагдаж, хэзээнээс хэрэгжихээр байна?
Ц.М: Монголын Үндэсний бөхийн холбоо 2003 онд батлагдсан баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж, батлах асуудалд ихээхэн ач холбогдол өгч, анхаарлаа хандуулан ажилласан. Энэ 1-р сараас эхлэн хуулийн төслийг нээлттэйгээр гарган бөх сонирхогч, бөх судлаач, бөхчүүд, бөхийн зүтгэлтэнгүүдэд хуулийн төсөлд санал оруулж ажиллах санал гаргасан. Үүний дагуу ч олон санал холбоонд ирсэн. Бид Бага хурал, Их Эе хурлаар энэ бүгдээ хэлэлцэн нэгтгэн Хууль зүй дотоод хэргийн яаманд 2021 оны 04-р сарын 06-ны өдөр, УИХ гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нарт 2021 оны 05-р сарын 18-ны өдөр хуулийн төслөө хүргүүлсэн. Гэвч ковид цар тахал мөн бусад асуудлуудаас болоод УИХ энэ хаврын чуулганаараа хэлэлцэж амжихгүй бололтой. Бид наадмын шинэ хуулиар наадахгүй болсон нь харамсалтай байна
Наадам болохтой холбоотойгоор допингийн асуудал хүнд сэдэв болж байна. 2019 онд зөрчил гаргасан 2 бөх, 2020 оны 3 бөхийн асуудал дээр аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд допингтой холбоотой бөхчүүд энэ наадамд барилдвал бойкот хийнэ гэсэн байр суурьтай байна. Энэ асуудлын хэрхэх вэ?
Ц.М: Бөхчүүд ч ер нь хүн бүр, бүр одоогийн улс төрчид хүртэл өөрсдөө тэгш эрх, шударга өрсөлдөөн эрх тэгш байдлыг хүсч, түүнээ дор бүрнээ илэрхийлж байдаг. Допингийн асуудалд хууль нь муу байсанг ашиглаж бөхчүүд зөрчил гаргахад үе үеийн бөхийн салбар хороо гэж түр зуур байгуулагддаг субьект янз бүрээр хариуцлага ноогдуулж ирсэн нь одоогийн энэ их хэл ам, зөрчлийн үндэс. Одоо тэнд ажиллаж байсан хүмүүсийг зөрчил гаргаж хамгаалуулж байсан бөхчүүдээс өөр хэн ч мэдэхгүй, танихгүй. Бөхөд огт хамаагүй хүмүүс төрийн нэрээр наадам зохион байгуулалцаж байна гээд орж ирж үймүүлээд, хожмын хор нөлөө мөн хэл амны үндсийг тавиад алга болцгоодог, тэдэнд ямарч хариуцлага байхгүй, тооцох ч үгүй. 2018, 2019 оны наадмын допингийн асуудлуудыг тухайн үеийн бөхийн салбар хороо арай зөвөөр шийдвэрлэж, зөрчил гаргасан бөхийг 2 жилээр эрхийг хассан. Монгол улс допингийн эсрэг конвенцид нэгдсэн, тэндээс нь итгэмжилэгдсэн лобораторид сорьцоо шинжлүүлдэг. Тэгэхээр энэ байгууллагынхаа дүрэм журмаа л дагах ёстой гэж бодож байгаа. Олон улсын Допингийн эсрэг байгууллага 2018 оны 3-р сараас зөрчил гаргасан тамирчинд доод тал нь 2-4 жил, давтан бол бүх насаар нь эрх хасна гэсэн журам мөрдөж байгаа. Зөв шийдвэр гаргахгүй бол энэ наадмын бөхийн бүртгэлээс эхлээд их зөрчил, хүндрэл гарна.
Олон улсынн конвенцид нэгдсэн бол түүнээ дагамаар, гэтэл бөхчүүд допинг хэрэглээд түүнээ өмгөөлж шүүхэд ханддаг?
Ц.М: Энэ бол манай үндэсний бөхөд үүссэн нэг гажиг зүйл. Хэн нэг бөх допинг хэрэглэлээ, хариуцлага алдлаа гэхэд МҮБХ-нд биш танил тал руугаа ханддаг. Бусад спортын холбоодод тийм зүйл бараг үгүй. Уучлаарай, хариуцлагаа хүлээнэ гээд чимээгүй байдаг. Бөх, тамирчин шүүхдэх бол ганцхан Спортын арбитрын шүүхэд хандах л журамтай. Тэрнээс дүүргийн шүүх, бүр дээд шүүхээр шийдвэр гаргуулах нь өөрөө зөрчилтэй зүйл. Энэ нь маргааны нэг сэдэв болно. Ч.Санжаадамба, С.Мөнхбат аваргууд допингийн асуудалд хатуу байр суурь баримталж байгаа. Тэдний хэлсэн үгийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Одоо л допингийн асуудалд хатуу хандахгүй бол үндэсний бөх тун хүнд байдалд орно. Ийм байдалд оруулах гэж байгаа шийдвэр гаргагчдад бөхийн ирээдүй огт хамаагүй. Харин сүүлд нь бөхийн нэр хүнд унасны бурууг бөхчүүд рүү, холбоо руу чихээд явцгаана. Тиймээс МҮБХ допингийн зөрчил гаргасан бөхчүүдийг наадмын бүртгэлд бүртгэхгүй.
Шадар сайд допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн цол чимгийг хураах, тэдэнд унасан бөхчүүдэд цол олгох саналыг Х.Баттулга ерөнхийлөгчид удаа дараа тавьсан боловч шийдсэнгүй. Энэ талаар таны бодол... ?
Ц. М: Ямар ч төрийн үед Даншиг наадам, Цэргийн наадам, Ардын наадам бүгд зохиогдож ирсэн. Тэр наадмуудад түрүүлж, үзүүрлэж, шөвгөрч цол авсан бөхчүүдэд ард түмэн нь цол өгч байгаатай л адил явж ирсэн. Холбоо цолоо өгөөд болоод л байсан. Одоо бол цолны асуудал, допингийн хяналт, хариуцлага зэргээ холбоо бүрэн хариуцаад явах нь зөв гэдгийг энэ болж байгаа процесс бүрэн харуулж байна. Заавал одоогийнх шиг дарга, сайд гарын үсэг зурж цол өгөх албагүй. Тэднийг цол олгох, хасах асуудлыг хэдэн жилээр хүлээж байна. Саяхныг болтол наадмыг Үндэсний спортын холбоод нь Биеийн тамир спортын хороо, газартай хамтраад зохион байгуулаад ирсэн. Одоо үүнийг төр өөр дээрээ татаж аваад хүндрүүлээд байгаа юм. СПОРТ ЯЛАНГУЯА ҮНДЭСНИЙ СПОРТОД ТӨР ХАМААРАЛТАЙ БОЛЖ, ҮҮНИЙГЭЭ ДАГААД ТӨРӨӨС ЦОЛ ЧИМЭГ ОЛГОХ, НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗЭРЭГТ ОРОЛЦОХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ. Допингтой холбоотой олон зөрчил, асуудлуудыг Ерөнхийлөгч, Наадмын комисс, бөхийн салбар хороо шийдэхгүй эсвэл ялгавартай шийдвэр гаргаж бөхчүүд, бөх сонирхогчдын дунд маргаан үүсгээд байгаа юм. Үүний оргил цаг хугацаа нь энэ сүүлийн 2 жил боллоо. Тэгэхээр намраас шинэчлэн батлах баяр наадмын тухай хуулиа эрхэм их хурлын гишүүд маань сайтар бодож тунгаагаад наадмыг төр асар их зардлаар зохион байгуулдаггүй, төрийн тэргүүн цол олгодоггүй болгох хэрэгтэй байна. Наадмыг төсөв зардал багатай цомхон хийж болно. Үүнийг олон түмэн ч ихэд хүсч, бас одоогийн нөхцөл байдлыг их шүүмжилж байгаа. Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд үндсэн ажил болох хуулиа батлах, улс орноо хөгжүүлэх гол ажлаа л хийх хэрэгтэй. МҮБХ наадмын санхүүжилтыг өөрсдөө бий болгоод, морь, сурны холбоотой хамтраад төрөөс ямарч санхүүжилт авахгүй, будлиан маргаангүй наадам зохион байгуулаад байх бүрэн боломжтой. Төр өөрөө наадам найрыг зохион байгуулна гэж элдэв хардлагад орж хөгөө чирэх хэрэггүй. Жишээ нь элдэв тусгай зөвшөөрлийг яам, агентлаг өгч хардлага, хүндрэл үүсгэдэг байсныг болиулж, мэргэжлийн холбоод руу нь зөвшөөрлийг өгсөн бэлээхэн туршлага нь байгаа даа. Одоо энэ барилдаж байгаа залуучууд нэгнийгээ тэр ерөнхийлөгчийн, тэр сайдын бөх, дүү гэх яриа хүртэл гаргаж завхарч байна.
Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.
Ц. М: Баярлалаа. МҮБХ Маргаан будлиангүй сайхан наадам хийхийг л зорьж байна даа.