Олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг Токиогийн олимпод оролцох Монголын багийн тугчаар сонголоо.
ОУОХ-ноос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж буй. Олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийн санал болгосны дагуу энэхүү бодлогод нийцүүлэн багийн спортын төрлөөр анх удаа олимпын наадамд өрсөлдөж буй 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хуланг эмэгтэй тугчаар сонгосон байна.
О.Хулангийн хувьд 1999 онд төрсөн, сагсны багийн хамгийн залуу тамирчин. Биеийн өндөр 180 см, жин 65 кг. МУИС-ийг төгссөн. Нэлээд хожуу буюу оюутан болсноосоо хойш сагсаар хичээллэж эхэлсэн ч богино хугацаанд ур чадвараа ахиулсаар үндэсний шигшээ багийн гишүүн болж чадсан юм. 23 хүртэлх насны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн. Өдгөө дэлхийн чансааны 70-д, 23 хүртэлх насны чансаанд 11-д бичигдэж байна.
Ө.Дүүрэнбаярын хувьд 1994 онд төрсөн, 27 настай. 184 см өндөр, 135 кг жинтэй. ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл, армийн ДАШТ-ий алтан медальт, манай улсын хүнд жингийн шилдэг бөхчүүдийн нэг юм.
Дашрамд сануулахад олимпын наадамд оролцох Монголын багт хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол маргааш төрийн ордонд болно. Энэ үеэр Монголын багийн ахлагч, Монголын багийн тугчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс төрийн далбаагаа гардан авах юм.