Олон улсын хэмжээнд сая сая үзэгч, шүтэн бишрэгчидтэй "The HU" хамтлаг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол орны газар нутгийн 80 гаруй хувийг эзэлдэг тал хээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдал, унаган төлөв байдлын хадгалан хамгаалах, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлын үндэс суурь болсон бэлчээр нутгийг эрүүл байлгах, малчдын амьжиргааг дээшлүүлэх үйлсийг дэмжихээр болжээ.
Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хүрээнд хөгжүүлсэн нүүдлийн мал ахуйн тогтвортой үйлдвэрлэлийн стандарт, түүний цахим мөшгих систем "Хариуцлагатай нүүдэлчин"-ийг онцгойлон дэмжихээ илэрхийллээ.
Уг төслийн хүрээнд бэлчээр нутгаа сэлгэж амраан ашиглах уламжлалт арга ухаан, сайн туршлагууд нэн ялангуяа бэлчээрийг доройтож эхлэхээс өмнө урьдчилан сэргийлж нөхөн төлжих боломж олгосноор 20 сая га талхлагдсан бэлчээр унаган төлөв байдалдаа аажмаар эргэн шилжсэн байна.
Малчид, орон нутгийн удирдлага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудтай хамтран бий болгосон “Хариуцлагатай нүүдэлчин” стандарт дэлхийн зах зээлд Монголын байгалийн эрүүл бэлчээр, нутгийн үүлдрийн малын гаралтай бүтээгдэхүүний бусдаас онцгойрох шинж чанаруудыг баталгаажуулах, гарал үүслийг аймаг, сум, баг, малчин өрхөөр ялган харуулах боломж олгож байна.