Цаг үеийн мэдээ

Маргааш олимпын нээлтээс хойших хоёр дахь өдөр манай улсын 11 тамирчин 5 спортод өрсөлдөнө.

07:30. Хамгийн түрүүнд буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд О.Есүгэн өрсөлдөх бөгөөд тус төрлийн медалийн тоглолтууд 09:45 цагт эхэлнэ. (UBS, SBN, VTV)

08:00. Харин түүний араас Монголын шигшээ багийн залуу тамирчдын нэг Б.Болор-Эрдэнэ манай улс анх удаа оролцож буй ширээний теннисний спортоор өрсөлдөнө. Тэрээр эхний буюу урьдчилсан шатанд Тунисийн Фадва Гарситай тоглоно. Тэдний хэн ялсныг нэгдүгээр шатанд Чилийн Мариа Паулиньа Вега хүлээж байна. (NTV, TV8, TM)

09:30. Мөн ширээний теннисний эрэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан шатанд Э.Лхагвасүрэн АНУ-ын Никил Кумартай тоглоно. Тэдний хэн ялсныг нэгдүгээр шатанд Эквадорын теннисчин Альберто Мино хүлээж буй. (NTV, TV8, TM)

10:00. Бага үдэд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60 кг болон эмэгтэйчүүдийн -48 кг жингийн барилдаанууд эхэлнэ. Эрэгтэй -60 кг жингийн эхний барилдаан манай жүдоч Д.Амартүвшин болон Нидерландын Цякадоеа Торник нарын хооронд болох бол -48 кг жингийн 15 дахь барилдааныг М.Уранцэцэг хийнэ. Тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Германы Катарина Менц, Чилийн Мэри Ди Варгас Лей нарын ялсантай хүч үзнэ. Хоёр жингийн медалийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ. (EDU, STAR, TV9)

12:00. Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны урьдчилсан шат үдэд эхлэх бөгөөд Э.Даваахүү цэц мэргэнээ сорино. Тус төрлийн медалийн буудлага 13:30 цагт эхэлнэ. (UBS, SBN, VTV)

16:30: Өдөр түр завсарласны дараа Монголын баг тамирчдын тэмцээн 3х3 сагсан бөмбөгөөр эргэн ирнэ. Энэ удаа О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго нараас бүрдсэн 3х3 эмэгтэй баг Италийн хүчирхэг багтай тоглоно. (NTV, TV8, TM)

17:51. Дараа нь боксын эрэгтэйчүүдийн 57 кг жингийн урьдчилсан шатанд Э.Цэндбаатар Кенийн Николос Оконго Окоттой тулалдана. (NTV, TV8, TM)

20:00. Ингээд Монголын багийн 24-ны өдрийн сүүлийн тэмцээн 3х3 сагсан бөмбөгийн баг АНУ-ын шигшээ багтай тоглосноор дуусна. (NTV, TV8, TM)

Энэ өдөр медальтнууд тодрох спортууд:

Эрэгтэйчүүдийн дугуйн уралдаан

Туялзуур сэлэм

Байт харвааны холимог багийн тэмцээн

Жүдо бөхийн эрэгтэй -60, эмэгтэй -48 кг

Буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт буу, эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буу

Таеквондогийн эмэгтэй -49, эрэгтэй -58 кг жин

Хүндийг өргөлтийн эмэгтэй -49 кг жин

Энэ өдөр эхлэх бусад спортууд:

Хокей

Урлагийн гимнастик

Бадминтон

Элсний волейбол

Морин спорт

Гандбол

Сэлүүрт завь

Усан спорт

Талбайн теннис

Волейбол

Усан поло

Таны сурталчилгаа