Цаг үеийн мэдээ

Энэ жилийн олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монгол улсын баг анх удаагаа өрсөлдөхөөр болсон. Монголоос зургаан тамирчин Токиог зорьсон ч дүрмийн дагуу дөрвийг нь сонгон, Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг хассан билээ. 
Тэгвэл хасагдсан тамирчид өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо хэллээ. 

Д.Ганзул: “Анх удаагаа олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа багийнхандаа томоос том амжилтыг хүсье. Тамирчин хүн болгон бэртэл гэмтлээс хол байхыг хичээдэг. Миний хувьд олимпын бэлтгэлийн явцад хэд хэдэн бэртэл авч, цаг тухай бүрт нь эмчлүүлж ирсэн. Эмчилгээтэй үедээ, бэлтгэлдээ оролцох боломжгүй үедээ очиж багийнхантайгаа байнга хамт байдаг байсан. Багийнхныхаа нэгэн адил би энэ олимпын наадамд амжилттай оролцохоор бүх зүйлээ зориулан, бие сэтгэлээ 100% дайчлан, зарим зүйлсээ золиослон бэлтгэлээ хийж ирсэн. Бэртэл гэмтэлтэй, үнэхээр ур чадвар байхгүй байсан бол эртхэн дүү нартаа зайгаа тавиад өгөх байсан юм.

Олон жил энэ спортоор хичээллэж ирснийх олимпын наадамд оролцохыг чин сэтгэлээсээ хүсч, өнөөдрийг хүртэл хичээж ирсэн. Миний бие олимпын талбайд тоглоход бэртэл гэмтэлгүй, бие сэтгэл зүрхээрээ бэлэн байсан. Эмэгтэй сагсан бөмбөгийн мэргэжлийн анхны клубыг үүсгэн байгуулж, бүх цаг үед итгэлтэйгээр дэмжиж, өнөөдрийн олимпын наадамд Монгол Улс оролцох боломжийг нээж өгсөн бүх ивээн тэтгэгчиддээ талархлаа илэрхийлье. Мөн багийнхандаа өндрөөс өндөр амжилт хүсье. Дүү нар минь зориг зүрхтэй, дайчин тоглоорой” гэжээ.

Б.Болор-Эрдэнэ: "Анх удаагаа олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа багийнхандаа томоос том амжилтыг хүсье. Сэтгэл зүрхээрээ та нартайгаа хамт шүү, зурагтаа үзээд дэмжээд сууна аа. Олимпийн том дэвжээнээс бэргэлгүй чаддаг бүхнээ гаргаарай. Баяр хөөр, жаргал зовлон бүх л цаг хугацаанд хамтдаа байсан та нарыгаа амжилт гаргана гэж хамгийн ихээр итгэж байна. 

Мөн 3х3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлж, анхны эмэгтэй мэргэжлийн UB Amazons клубыг үүсгэн байгуулж, бэлтгэл сургуулилт хийх боломжийг бүрдүүлж, өдийг хүртэлх ялагдал бүхэнтэй минь хамт байж итгэлээ алдалгүй үргэлж дэмжсэн болохоор энэ том амжилтыг гаргахад чухал нөлөө үзүүлсэн ивээн тэтгэгч нартаа чин сэтгэлээсээ талархалаа илэрхийлье. 

Миний хувьд олимпийн шигшээ багт дуудагдсан эхний өдрөөсөө эхлэн бэлтгэлдээ 100% оролцож хүч хөдөлмөр, сэтгэл зүрх,өөртөө байгаа бүхнээ бүрэн зориулсан гэж бодож байна. Өндөр ачаалалтай бэлтгэл, сэтгэл зүйн уналт, хэцүү бүхнийг даваад гарсан өөрөөрөө бага ч гэсэн бахархсан. 

Олимпийн бэлтгэл дуусахаас өмнө хамраа гэмтээсэн боловч цаг алдалгүй эмчлүүлж, нүүрний хамгаалалтын баг хийлгэн,  тоглох боломжыг бүрэн хангасан. Энэ хүртэлх хугацаанд хийсэн бэлтгэлжилт, өөрийн ур чадвар, хуримтлуулсан туршлага, арга барилаа олимпийн дэвжээнд гаргахад би эрүүл мэнд, сэтгэл зүй гэх мэт бүхий л зүйлээрээ бэлэн байсан" гэжээ .

Таны сурталчилгаа