"Токио 2020" Олимпын наадамд оролцож буй Монголын 3х3 үндэсний шигшээ багийнхаа талбайн эзэн Японы багийн эсрэг хийсэн тоглолтыг МУ-ын Ерөнхий сайд хүрэлцэн ирж үзэж Монголын багаа дэмжлээ.
ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис манай Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг хүндэтгэн ирж хамт тоглолт үзлээ.
Тоглолт үзсэн уулзалтын үеэр ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис Монголын сагсан бөмбөгийн хөгжил болоод Монголын багуудын амжилт дэлхийн хэмжээнд өндөр байгааг дурьдаж манай Ерөнхий сайдад баяр хүргэлээ.
Тоглолтын дараа Ерөнхий сайд баг, тамирчидтай уулзах үеэрээ “Та бүхэн минь энэ хүнд хэцүү цар тахлын үед багийн спортоор анх удаа Олимпын наадамд оролцон түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаа шүү” хэмээн онцлон хэллээ.