“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын 3 дахь өдөр /2021.07.26/ Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн баг болон жүдо бөхийн эмэгтэй 57 кг, эрэгтэй 73 кг жингийн тамирчид олимпын тэмцээндээ хүч, хурд, ур чадвараа сорино.
Токио хотын Аоми Урбан спортын парк /Aomi Urban sports park/-т болж буй эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг энэ өдөр дахин 2 тоглолт хийх юм.
Тухайлбал, Улаанбаатарын цагаар өглөө 09 цаг 40 минутаас Румын улсын багтай, үдээс хойш 16 цаг 30 минутаас Францын багтай тоглох юм.
Энэ өдөр Токио хотын Nippon Budokan ордны татами дээр Монголын 2 жүдоч хүчээ сорино. Тэмцээн Улаанбаатарын цагаар 10 цагаас эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн 57 кг жинд олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумьяа хоёрдугаар татамид 16 дахь барилдаанд /10 цаг 48 минут/ Словений К.Кайжер-тай эхний барилдаанаа хийх бол эрэгтэйчүүдийн 73 кг-д өрсөлдөх Цэндбаатарын Цогтбаатар эхний барилдаанаа 11 цагт Гвиней улсын Мамаду Самба Бах /7 дахь барилдаан/-тай хүч үзэх юм байна.
Ташрамд сонирхуулахад, “Токио-2020” Зуны олимпын XXXII наадамд оролцож байгаа 206 орноос 40 улсын баг тамирчдаас олимпын медаль хүртээд байна. Өнөөдөр өглөөний 08 цагийн байдлаар БНХАУ-ын шигшээ баг 6 алт, 1 мөнгө, 4 хүрэл нийт 11 медальтай тэргүүлж явна.
Харин 2 дугаар байрт АНУ-ын шигшээ баг 4 алт, 2 мөнгө, 4 мөнгөн медальтай яваа бол Оросын Үндэсний олимпын хорооны баг 1 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 7 медальтай болж Японы шигшээгийн өмнө гарсан бол 4 дүгээрт Япон 5 алт, 1 хүрэл медальтай байгаа бол БНСУ-ын шигшээ баг 2 алт, 3 хүрэл медальтай 5 дугаар байрт бичигдэж байна.