Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж, эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжилдээ идэвхи санаачилга гарган, хүмүүн болсон төөрөг тавилангийн алтан хоромд үнэлж баршгүй өлзий буянаа хайрлаж яваа Дэрэн сумын уугуул, ХӨСҮТ-ийн ахмад эмч Амаржаргал овогтой Амбасэлмаа нь эрүүл мэндийн салбарт гаргасан амжилт бүтээлээ төр засагтаа үнэлүүлж “ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН” хэмээх эрхэм хүндтэй алдар цол хүртсэнд нутгийн зон олон талархаж буйг илэрхийлэн аймгийн Засаг даргын “Урамшууллын жишиг тогтоох журам”-ын дагуу аймгийн Засаг даргын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, мөнгөн шагналаар шагнав.
А.Амбасэлмаа нь Дундговь аймагт ажилласан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллан коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж чиглэл өглөө.
Эх сурвалж: Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар