"Токио-2020" жүдо бөхийн -73 кг-ийн жинд Цэнд-Очирын Цогтбаатар Канадын Артур Маргелидоныг ялж хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний анхны олимпын медаль бөгөөд Токиогийн олимп дахь Монголын хоёр дахь медаль юм.
Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпын медальтны их гэр бүлд нэгдэж байна.
Эдүгээгээс таван жилийн өмнө Риогийн олимпод ялагдаад уйлж суусан Ц.Цогтбаатар эрийн цээнд хүрснээ харуулж, хийморьтой барилдсаар ийнхүү медалийн тавцанд гишгэх эрхтэй болов.
Монголын жүдочид олимпын наадмаас 10 дахь медалиа хүртэж, хамгийн олон медаль авсан спортын төрөл болж байна. Чөлөөтийнхөн ес, боксчид долоон медаль аваад байгаа билээ.
Монголын ард түмнээ баярлуулсан Ц.Цогтбаатартаа халуун баяр хүргэе!