Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрийн иммуноглобулин үйлдвэрлэх бэлтгэл ажлын явцтай танилцав. Цар тахлын энэ үед Монгол улсын эрүүл мэндийн салбарын сул талуудыг бидэнд гаргаж өглөө. Иймээс өөрсдийн чадах, боломжтой арга хэмжээг дотооддоо авдаг байх ёстой. Тухайлбал ковид-19 өвчний эсрэг вакцины үр нөлөөг судалж тогтоох ажил хийгдэж байна.  Үүнийг НЭМҮТ болон ХӨСҮТ манлайлан хийж буй. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор та бүхэнд тодорхой үүрэг чиглэлийг өгсөн. Өгсөн үүрэг чиглэл, ажлын явц ямар шатанд буйг энэ удаа газар дээр нь танилцаж, зохих арга хэмжээг авна гэдгээ  НЭМҮТ-д ажиллахдаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Монгол улсад орчин үеийн анагаах ухааны ололт, биотехнологи, нанотехнологи, инновацид тулгуурлан вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж, эрүүл мэндийн байгууллага, хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг аюулгүй, чанартай бүтээгдэхүүнээр хангах нь Монгол Улсын Эрүүл мэндийн яамны бодлогын гол чиглэл байх болно. Үүнийг хэрэгжүүлэх үүргийг НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэр хүлээн ажиллах ёстой гэдэгт итгэж байна. Цаашдаа Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг илүү эрчимжүүлнэ. Ялангуяа урьдчилан сэргийлэх болон нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр илүү их анхаарч ажиллах шаардлага тулгарч байна. Цар тахлын ард гарах гол хүчин зүйл нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн хүрээнд хийх урьдчилан сэргийлэх ажил юм. Үүнд чиглэх бодлогыг Эрүүл мэндийн яам  анхаарч ажиллаж байгаа цаашид ч анхаарах болно гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо. Цаашид Үндэсний биотехнологийн үйлдвэрийг сэргээн, хөгжүүлэх, импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, нотолгоонд суурилсан дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, инновацийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхааран ажиллана гэдгээ НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа танилцууллаа.

Монгол улсад орчин үеийн анагаах ухааны ололтыг ашиглан вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж, хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилгоор Улсын Ариун цэвэр Бактери шинжилгээний институт (СанБакинститут) байгуулагдаж байсан нь одоогийн Биобэлдмэлийн үйлдвэрийн суурь тавигдсан гэж үздэг. Биобэлдмэлийн үйлдвэрийн түүхэн замналыг 3 үндсэн үе болгон хуваадаг. Үүнд:

·                   Бактерит бэлдмэлийн үйлдвэрлэлийн үе (1933-1960 он)

·                   Шинэчилсэн биобэлдмэлийн үйлдвэрлэлийн үе (1960-1990 он)

·                   Биотехнологийн үйлдвэрлэл судалгааны эхэн үе (1990 оноос хойш)

Биобэлдмэлийн үйлдвэрийн бүтэц нь  Уурагт бэлдмэлийн тасаг, вакцин, онош зүйн тасаг, чанарын хяналтын тасаг, захиргаа, санхүү аж ахуйн хэсэг, эмийн сан эрдэм шинжилгээ гэсэн бүтцийн нэгжтэйгээр ажиллаж байна. Цаашид Монгол улсад биобэлдмэл үйлдвэрлэж, импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, инновацийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд анхааран ажиллана.

Таны сурталчилгаа