ОЛИМПИЙН НААДМЫН ЭРГЭН ТОЙРОНД
Олимпын наадамд оролцогч 16 хүнээс коронавирус илэрсэн талаар Зохион байгуулах хорооноос мэдээлэв. Гэхдээ тэдний дунд тамирчид байгаагүй аж. Одоогоор олимпод оролцогчдоос нийт 240 мянга гаруй шинжилгээ авсан бөгөөд 169 эерэг тохиолдол бүртгэгдээд байна.
***
Эстони улс Токиогийн олимпын анхны алтан медалиа туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн багийн төрлөөр авав. Тун өрсөлдөөнтэй болсон финалын тоглолтод Эстони бүсгүйчүүд БНСУ-ын багийг 36:32-оор хожсон юм. Энэ төрлийн хүрэл медалийн төлөөх тулаанд Италийн баг Хятадыг 32:21-ээр хожлоо.
Эстони улс ЗХУ-аас салан тусгаарласнаас хойш олимпын дөрөв дэх алтаа аваад байна. Тэд сүүлийн хоёр олимпоос алт зүүж чадаагүй билээ.
***
Японы усанд сэлэгч Юүи Охаши энэ олимпоос хоёр дахь алтан медалиа зүүлээ. Тэрбээр 25-нд 400 метрийн чөлөөт сэлэлтэд түрүүлсэн бол өнөөдөр 200 метрийн чөлөөт сэлэлтэд мөн бүхнээс түрүүлж барианд орлоо.
***
Америкийн усанд сэлэгч Кети Ледеки эмэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаанд 15:37.34 минутын амжилтаар түрүүллээ. Мөнгө, хүрэл медалийг түүний нутаг нэгт Эрика Салливан, Германы Сара Кохлер нар хүртэв. Тэрбээр Риогийн олимпоос дөрвөн алтан медаль хүртсэн амжилтаа Токиод давтах боломжгүй болсон билээ.
***
Нидерланд улс сэлүүрт завины эрэгтэйчүүдийн багийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоон түрүүллээ. Тэд финалд 5:32.03 минутын амжилт үзүүлсэн юм. Мөнгө, хүрэл медалийг Их Британи, Австралийн баг хүртэв.
***
Зохион байгуулагч Япон улс олимпын наадмыг багийн дүнгээр тэргүүлж байна. Тэд нутаг дээрээ 11 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртээд байна. Япон улс 2016 оны Риогийн олимпоос 12 алт авсан бол энэ жил нутаг дээрээ эхний таван өдөр л 11 алт зүүжээ. Удаах байруудад АНУ, БНХАУ, ОХУ бичигдэж буй бол нэг мөнгө, хоёр хүрэл медальтай Монголын баг 36 дугаарт бичигдэж байна.