Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /08.01/ Токиогийн Олимпын чөлөөт бөхийн барилдаан эмэгтэй 76 кг-ийн жингээр эхэллээ. Монгол улсын гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Японы Хироэ Минагаватай барилдахаар сугалсан.

Хироэ Минагава 1989 онд төрсөн. 2018 оны ДАШТ-ий хүрэл, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт. Азийн гурван удаагийн аварга. Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт. 2018 оны Азийн наадмын мөнгөн медальт.

Япон бөх 33 насандаа анх удаа Олимпод оролцож байгаа бол О.Бурмаа 39 настайдаа гурав дахь Олимпдоо оролцож байна.

Барилдааны турш Японы бөх манай тамирчны хөлд түлхүү орсоор 8 оноо авсан. Японы чөлөөт бөхийн тамирчид хөлийг хаанаас ч авдаг онцлогтой. Манай бөх идэвхтэй сөхөж дайрсан ч оноо авч чадсангүй. Ингээд барилдаан 0:8 гэсэн харьцаагаар өндөрлөв.

Одоо түүнийг хожсон япон бөх финалд шалгарвал О.Бурмаа дагаж барилдах эрхтэй болно. Минагавагийн хувьд шөвгийн наймд Эстонийн бөх, ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Маэтай барилдах юм.

Таны сурталчилгаа