БУУДЛАГА
Эрэгтэй гар бууны 25 метрийн Олимпийн хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөж буй. Тэрбээр эхний 30 сумандаа 283 оноогоор 23-т жагсаж байна. Өнөөдөр 07.30 цагаас эхлэн тамирчид үлдсэн 30 сумаа буудах юм. Улмаар шилдэг наймд шалгарсан буудагчид 13.30-аас медалийн төлөө өрсөлдөх болно. Өнөөдөр явагдах хоёр дасгалаар буудлагын тэмцээнүүд өндөрлөж байна.
ЧӨЛӨӨТ БӨХ
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан өнөөдөр болно. Энэ жинд "Лондон-2012" Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг зодоглож буй. Тэрбээр эхний даваанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокитэй барилдах сугалаа татжээ. Чөлөөтийн барилдаанууд өглөө 10.00 цагаас эхлэх бөгөөд манай бөх долоо дахь барилдаанд дэвжээнд гарна.
ХҮНДИЙГ ӨРГӨЛТ
Хүндийг өргөлтийн хоёр маань өнөөдөр Токиогийн дэвжээнд бяр чадлаа сорих болно. +87 кг-д өрсөлдөх Э.Билэгсайхан 10.50-иас тэмцээнээ эхлүүлнэ. Харин -87 кг-д хүч сорих М.Анхцэцэгийн тэмцээн 14.50-иас эхлэх юм.
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!