Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр /2021.08.04/ Өргөө амаржих газарт боллоо.
Тус ээлжит хурлаар ЕБС, цэцэрлэгүүдэд байрлаж буй дархлаажуулалт, шинжилгээний цэгийг нүүлгэж эцсийн халдваргүйтгэл хийх, Дүүргийн онцгой комиссын шуурхай штабтай хамтран дархлаажуулалт, шинжилгээний цэгийг яаралтай байгуулж хэвийн үйл ажиллагааг хангах, “Ковид-19” халдварын үеийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах, мөн ЭМЯ-ны УЗ-ийн хурлаас эх нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр ЭМБ-ын дарга нарт өгсөн үүрэг чиглэл, эмнэлгийн тусламжийн эрсдлийн танилцуулга, харьяа ЭМБ-аас ирүүлсэн 2021 оны хагас жилийн тайлангийн үнэлгээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө болон байгууллагын үйл ажиллагааны тайланд хийсэн үнэлгээний товч мэдээлэл зэргийг НЭМГ-ын холбогдох хэлтсүүдээс танилцууллаа.
Түүнчлэн 2022 оны төсвийн төсөл авч байгаатай холбоотой мэдээлэл, Эрүүл мэндийн сайдын А/196 тоот “Мөнгөн тэтгэмж олгох тухай”, НЭМГ-ын даргын А/80 “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай” болон Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан А/387/99 тоот тушаалыг НЭМГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсээс эмнэлгийн удирдлагуудад танилцуулж, шаардлагатай асуудал, санал сэтгэгдлүүдийг солилцсон юм.
Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж харьяа байгууллагуудад өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үйл ажиллагааны явц болон барилга байгууламжийн ашиглалт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж зэрэгт тулгарч буй асуудал, зохион байгуулж буй арга хэмжээний талаар хэлэлцэж, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар олон талын мэдээллийг өглөө.
Шуурхай хурлаар коронавируст “Ковид-19” халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний үйл ажиллагааг тасралтгүй хангаж ажиллах, мэдээллийн ил тод байдлыг сайжруулж, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, халдвар болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад даалгалаа.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар