Цаг үеийн мэдээ

“Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын 12 дахь өдөр /2021.08.05/ буюу өнөөдөр Монголын багаас чөлөөт бөхийн эмэгтэй 57 кг, 53 кг, эрэгтэйчүүдийн 125 кг жинд 3 тамирчин Токиогийн олимпын дэвжээнд хүч, ур чадвараа сорино.

Тодруулбал, ОУХМ Б.Хонгорзул 57 кг-д шөвгийн наймд олимп, дэлхийн аварга, Японы бөх Р.Каваид ялагдсан. Харин Каваи финалд шалгарсан тул манай бөхөд дагаж барилдах боломж бүрдээд байна. Тэрбээр дагах барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Ф.Камаратай барилдана. Түүнийг хожвол хүрэл медалийн төлөө олимпын аварга, АНУ-ын бөх Хелен Мароулистай барилдах юм. Гвинейн бөхтэй Улаанбаатарын цагаар өглөө 10 цагаас барилдах бөгөөд түүнийг ялбал медалийн төлөө орой 19 цаг 55 минутаас барилдах болно.

Өнөөдөр ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа /53 кг/ Токиогийн дэвжээнд барилдах бөгөөд эхний даваанд Гуамын бөх Ркаела Акуинотой хүчээ сорих сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч нь 2018, 2019 онд Далайн орнуудын АШТ-д түрүүлсэн юм байна. Түүнийг хожвол Грек, Украины бөхчүүдийн хэн ялсантай хүчээ сорих юм.

Мөн энэ өдөр Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл /125 кг/ дэвжээнд гарч, эхний даваанд залуучуудын ДАШТ-ий медальт, Беларусийн бөх Д.Храмянковтой барилдана. Манай бөх Беларусийн бөхийг хожвол Германы бөх, залуучуудын Европын аваргын хүрэл медальт Геннадий Чудинович, Ази тивийн аварга Казахстаны бөх Юсуп Батирмурзаев нарын хэн ялсантай барилдах сугалаа татсан байна.

 

 

 

Таны сурталчилгаа