“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчид 2021 оны 08 дугаар сарын 04-нөөс 06-нд шилжих шөнө эх орондоо ирлээ. Тодруулбал, Токио-Улаанбаатар чиглэлийн тус нислэглээр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73кг-ын жинд хүрэл медаль хүртсэн тус яамны харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлах дэслэгч Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн -48кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн хошууч М.Уранцэцэг, мөн эрэгтэйчүүдийн -81кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Сайед Моллай нар ирсэн.
Энэ үеэр тус салбарын тамирчид болох ОУХМ, ахлах дэслэгч Ц.Цогтбаатар, МУГТ, цагдаагийн хошууч М.Уранцэцэг нарын сэтгэгдлийг хуваалцлаа.
ОУХМ Ц.Цогтбаатар: 100 жилийн түүхтэй байгууллагадаа олимпын хүрэл медалиар бэлэг барьж чадсандаа баяртай байна
“Юуны өмнө надад үргэлж дэмжлэг үзүүлж, бэлтгэл сургуулилт хийх бүхий л нөхцөл боломжоор хангаж, дэмжиж ирсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага, хамт олон, алба хаагчдадаа баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн байгууллагынхаа 100 жилийн ойн үеэр олимпийн хүрэл медалиар бэлэг барьж байгаадаа баяртай байна. Багшдаа болон хамт олон, гэр бүл, хайртай ханьдаа маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
МУГТ М.Уранцэцэг: Монголын цагдаагаа төлөөлж олимпын их наадамд амжилттай оролцоод ирсэндээ туйлын их баяртай байна
“Шөвгийн дөрөвт шалгараад Португалын Катарина Костатай барилдаж, өчих мэхээр ялж хүрэл медалийн болзол хангасан. Миний хувьд энэ спортоор хичээллэж эхэлснээсээ хойш өөртөө том зорилго тавьсан, зорилгодоо хүрч гурав дахь олимпоосоо хүрэл медаль хүртсэндээ үнэхээр их баяртай байна. Мөр зэрэгцэн ажиллаж буй алба хаагчид маань үргэлж ойлгож тусалж дэмждэг учраас илүү их хичээх ёстой гэдгээ цаг тутамд мэдэрдэг. Тиймээс “Токио-2020” зуны олимподоо амжилттай оролцож 100 жилийн түүхтэй цагдаагийн албандаа бэлэг барьж чадсандаа туйлын их баяртай байна.
Аливаа амжилтын цаана яах аргагүй бат зогсдог дэмждэг хүмүүс үргэлж байдаг. Өдийг хүртэл намайг үргэлж дэмжиж, хайрлаж, хурцалж ирсэн гэр бүл, найз нөхөд, ард түмэн, хамт олон, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороо, дасгалжуулагчид, ивээн тэтгэгч нартаа маш их баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Цаашдаа илүү их хичээх болно” гэдгээ илэрхийлсэн юм.