Монгол Улсын ард иргэд халдварт бус өвчнөөр нас барах нь түгээмэл байгаа бөгөөд хорт хавдар нь нас баралтын хоёр дахь гол шалтгаан болж байна. Монгол Улсын нийт нас баралтын тавны нэг нь хорт хавдраас шалтгаалсан нас баралт бөгөөд 2020 онд нас барсан хүний тоо 4.5 мянга байна. Энэ нь Монголд хорт хавдар гамшгийн хэмжээнд хүрснийг харуулж байна. Мөн 2040 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа байдаг байна.
ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга, Л. Энхээ: "Монгол Улсад хүн амын нас баралтын 2 дахь том шалтгаан нь хорт хавдрын өвчлөл. 2020 оны байдлаар үндэсний хэмжээнд хорт хавдрын 6700 шинэ тохиолдол бүртгэгдэж, мөн яг энэ өвчний шалтгаанаар 4200 гаруй хүн нас барсан байна. Жилээс жилд хүн амын дунд бүртгэгдэж байгаа хорт хавдрын өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад нас баралт ч гэсэн нэмэгдэж байгаа. Энэ өвчлөлийн цаашдаа ямар хандлагатай байх вэ гэсэн асуулт гардаг. Хэрвээ өнөөдрийн энэ хорт хавдрын өвчлөлийг бууруулах, нас баралтыг зогсоох дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд одоо жилд бүртгэгдэж байгаа хорт хавдрын тоо даруй хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол байдаг"
ХСҮТ-ийн Чанар аюулгүй байдлын албаны дарга, н. Баасанжав: "Монгол Улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа. Зонхилон тохиолдох хорт хавдрууд нь гэвэл элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөхний хорт хавдар. Эдгээр нь тус, тусдаа эрхтнүүд учраас шалтгаан нь бас өөр, өөр. Жишээлбэл Монгол Улсад бүртгэгдсэн элэгний хавдрын өвчлөлүүд нь ихэвчлэн В, С вирусын шалтгаантай байна. Уушигны хавдар агаарын бохирдол, тамхидалттай холбоотой. Улаан хоолойны хорт хавдар нь халуун хоол цай, давсны хэрэглээтэй холбоотой. Умайн хүзүүний хорт хавдар нь хүний папилома вирусийн шалтгаантай. Хеликобактер нь ходоодны хорт хавдрын гол шалтаан болж байна"
ХСҮТ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга, Л. Энхээ: "Яагаад Монгол хүн дэлхийн бусад улс орны ард иргэдтэй харьцуулахад илүү их хорт хавдраар өвчлөөд байна вэ, асуудлын гол нь юу байна вэ? гэсэн асуулт тавигддаг. Өвчлөлийн хувьд Монголоос илүү их тархалттай улс орнууд байгаа. Харин нас баралтын үзүүлэлт өндөр байгаа нь бидний ялгагдах онцлог. Өнөөдөр Монгол Улс шиг 3 сая орчим хүн амтай улс орон цөөхөн байгаа. Гэтэл манай улс зарим төрлийн хорт хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлдэг. Үүний гол шалтгаан нь өнөөдөр өвчтнүүдийн дийлэнх буюу 70 гаруй хувь нь өвчнийхөө хожуу үед оношлуулж байгаатай холбоотой"гэлээ.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг