НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран Дэлхийн Банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлыг сайжруулах зорилгын хүрээнд Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын шинэ барилгыг 3 сарын богино хугацаанд, олон улсын стандартад нийцүүлэн барьж, Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгч байна.
Тус барилгын зураг төслийг Татах Хүч ХХК болон Өрнөл Проект ХХК хамтран боловсруулж, барилга угсралтын ажлыг Монкон Констракшн ХХК, вакцин хадгалах тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг Сетунари ХХК тус тус гүйцэтгэж, НҮБ-ын Хүүхдийн Сан төслийг ерөнхийд нь удирдан шуурхай гүйцэтгэж, Улсын комисст хүлээлгэн өглөө.
Энэхүү барилга нь 2 давхар, хуучин агуулахаас 4 дахин том, 1,686 м2 талбайтай ба дотроо хүйтэн агуулах, хуурай агуулах, хуурай мөсний цех, оффис, техникийн болон засвар үйлчилгээний хэсэг зэргээс бүрдэх бөгөөд бүрэн цутгамал төмөр бетон хийцлэлтэй, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй байдлын хамгийн орчин үеийн дэвшилтэт системээр бүрэн тоноглогдсон байгууламж юм.
Вакцин био бэлдмэлийн шинэ агуулах ашиглалтад орсноор Монгол Улсын эрүүл мэндийн салбар КОВИД-19-ийн болон товлолт вакцинууд, мөн ирээдүйд гарч болзошгүй аливаа цар тахлын вакцин, дагалдах хэрэгслийг нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр хүлээн авах, бүх төрлийн горимоор, стандартын дагуу зөв хадгалах, улс даяар тээвэрлэх түгээх боломжтой болох юм.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсад товлолт вакцинуудыг нийлүүлэх, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр засгийн газарт өргөн хүрээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн олон жилийн түүхтэй байгууллага бөгөөд өмнө ашиглагдаж байсан вакцины агуулахыг 2008 онд мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулж байжээ.