Коронавируст /КОВИД-19/ халдварын эсрэг эмчилгээний өндөр идэвх, үр нөлөө бүхий шинэ эмийн судалгааны ажил дэлхийн өнцөг булан бүрт хийгдсээр байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн 7-р сард Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “Роше” үйлдвэрийн Тоцилизумаб вирусийн эсрэг эмийг КОВИД-19 халдварын эмчилгээнд яаралтай нөхцөлд хэрэглэх зөвлөмжийг гаргасан. Эмийн хатуу зохицуулалт бүхий жишиг хэд хэдэн улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн зах зээл дээр эрэлт ихтэй байгаа уг шинэ эмийг албан ёсоор Монгол улсад оруулж ирэх бэлтгэл ажил бүрэн хангагдсаны үр дүнд эмчилгээнд хэрэглэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн хугацаанд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Тоцилизумаб эмийн эмчилгээний үр дүн, онцлог, хэрэглэх ба хадгалах горим, эмнэлзүйн туршилт судалгаа, хэрэгцээний тооцооолол, үнийн хэлэлцээр зэргийг хийсэн.
Уг эмийг коронавируст халдварын хүнд болон нэн хүнд өвчтөнүүдэд кортикостеройд эмтэй хавсарч хэрэглэснээр хиймэл амьсгалын аппаратад орох хэрэгцээг 28%, нас барах эрсдлийг 13%-иар бууруулдаг байна. Цусан дахь Интерлейкин-6 рецепторын хориглогч, үрэвслийн хэт идэвхжилийн эсрэг, цитокины шуурга бууруулах үйлдэлтэй нэг төрлийн моноклон эсрэг бие болох энэ эмийг сүүлийн нэг жилийн хугацаанд 27 судалгааны баг 10,930 өвчтөнд эмнэлзүйн туршилт,судалгааг амжилттай хийжээ. Манай улс ийнхүү ДЭМБ-ын яаралтай нөхцөлд хэрэглэх зөвлөмжинд багтсан цөөн тооны вирусийн эсрэг эмийн нэг болох Тоцилизумаб эмийг хүнд болон нэн хүнд өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэх боломжтой боллоо.
Эх сурвалж: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар