Цаг үеийн мэдээ

Орон нутагт халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал ихсэж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллав. Тэрээр Ковидоос гадна эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээний чанар, эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа.

Хэнтий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 741 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс нэн хүнд 1, хүнд 21, хүндэвтэр 141, хөнгөн 1338 хүн байна. Эмчлүүлж байгаа иргэдийн 37 жирэмсэн, хүүхэд 176, өндөр настан 188 хүн эмчлэгдэж байна. Иргэд би эерэг гарлаа гээд шууд л эмнэлэгт хэвтэж байна. Өрхийн эмнэлэг эрэмбэлж өндөр настай жирэмсэн, архаг хууч өвчтэй хүмүүсийг нэн түрүүнд эмнэлэгт хэвтүүлж байгаа гэж Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр хэлж байлаа. Нийт өвчлөлийн 22% хүүхдүүд өвдөж байна. Хэнтий аймаг 28 цэцэрлэгтэй. Цэцэрлэг сургууль нь цахим танхим сургалт хослон халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллаж байгаа гэв. Хөнгөн өвчтөнүүдийг гэрээр хянах бодлого баримталж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахдаа дараах зүйлсийг онцлов. Үүнд иргэнд утсаар зөвлөгөө мэдээлэл сайн өгч цаг алдалгүй эмчилгээ үйлчилгээг хүргэх. Утсаар мэдээлэл өгч байгаа мэдээллийн ажилтны харилцаа хандлагыг сайжруулах, алслагдсан сумдад хүндэрч болзошгүй иргэдийг төвийн эмнэлэгрүү шилжүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хүргэх, орны эргэлтийг гаргаж ачааллыг зохицуулж ажиллах хэрэгтэй хэмээн онцоллоо.  Мөн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт Гэмтлийн тасаг нээж, нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар шийдвэрлэж өгнө гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.  Монгол улсад гэмтэл согогийн тохиолдол жилээс жил ирэх тусам нэмэгдэж байна. Сүүлийн 10 жилийн судалгаагаар Зүүн бүсийн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын гэмтэл бэртлийн тохиолдол өндөр байна.  

Иймд Хэнтий аймагт гэмтэл согог судлалын чанар үйлчилгээг сайжруулах зорилгоор энэ чиглэлээр тус орон нутгуудтай хамтарч ажиллах шаардлага үүссэн гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлов. Учир нь гэмтэл согогийн эмчилгээ үйлчилгээ шаардлагатай өвчтөнг Улаанбаатар хотруу зөөвөрлөж цаг алдах бус орон нутагт нь эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг болох нь нэн чухал гэж тооцжээ. Энэ мэтээр орон нутагт Эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа гэдгээ Хэнтий аймагт ажиллахдаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймгийн эмч, эмнэлгийн удирдлагуудтай уулзахдаа танилцуулж байлаа.

Таны сурталчилгаа