Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлөөс Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон МУГТ Э.Цэндбаатар нарын хооронд сорилго тэмцээнийг хийж ялсан тамирчинг ДАШТ-нд оролцуулахаар шийдвэрлэсэн билээ.
Тус сорил тоглолт өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд 13:00 цагаас Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болох товтой байсан юм.
Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу сорил тоглолтод оролцох тамирчид өнөө өглөө 07:00-08:00 цагийн хооронд жингээ үзүүлэх байсан ч О.Тулга цагтаа жингээ үзүүлж 59.9 кг-аар жиндээ оржээ. Харин МУГТ Э.Цэндбаатар жингээ үзүүлээгүй байна.
Э.Цэндбаатарын багш Б.Энхтайван "Маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо" гэсэн мессежийг Монголын Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга руу өчигдөр орой илгээсэн тухай мэдээлэл байна.
Ийнхүү сорил тэмцээнд оролцох боломжгүй болоод байгаа Э.Цэндбаатар өөрийн цахим хуудастаа жиндээ орсон тухай бичлэгээ дараах тайлбартайгаар нийтэлжээ.
Тэрээр: 60 кг бол миний жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан тиймдээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа" гэжээ.