Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах Үндэсний олимпын хороодын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын талаар мэдээлэл солилцлоо. Уг уулзалтад МҮОХ-г төлөөлж тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцов.
Коронавирусийн цар тахлын аюул холдох болоогүй энэ үед Токиогийн олимпод оролцсон шигээ нэгдмэл байж, эрсдэлийг даван гарах шаардлагатайг ноён Томас Бах уулзалтын үеэр онцоллоо. Мөн Зохион байгуулах хорооны дүрэм журмыг хүн бүр дагаж мөрдөх хэрэгтэйг сануулав. “Олимпын наадмыг эсэргүүцэх, бойкотлохыг уриалах гэх мэт улс төрийн зарим асуудал гарч байгаа ч гэсэн эцсийн эцэст тамирчдын эрх ашиг л зөрчигдөнө гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн ерөнхийлөгч Томас Бах хэлэв.
“Бээжин-2022” олимпын наадмын Зохион байгуулах хорооноос олимпын үеэр дагаж мөрдөх журмыг боловсруулаад буй. Энэхүү журамд тусгаснаар олимпын наадамд оролцох тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс вакцины бүрэн тундаа хамрагдсан бол 21 хоногийн карантинд орохгүй бөгөөд БНХАУ-д ирсэн даруйдаа хаалттай менежментийн системийн дагуу үйл ажиллагаанд оролцож болно.
Хаалттай менежментийн системийн цар хүрээ нь олимпын наадмын бүх газруудад буюу ирэх, буцах онгоцны буудал, тээврийн хэсэг, тамирчдын тосгон, тэмцээн уралдаан явагдах талбай болон нээлт, хаалтын ёслол зэргийг хамарна. Оролцогчид зөвхөн олимпын наадмын тусгай унаагаар үйлчлүүлэх бөгөөд зөвшөөрөгдсөн маршрутын дагуу л зорчих эрхтэй юм.
Түүнчлэн ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийн дагуу дагалдах зочинд мандат олгохгүй, баг тамирчид тамирчдын тосгонд байрлах бөгөөд бусад оролцогчид Зохион байгуулах хорооны гэрээт зочид буудалд байрлана гэх мэтээр журамд тусгажээ. Олимпын наадмын үеэр дагаж мөрдөх нарийвчилсан журмыг аравдугаар сарын 22-нд эцэслэн баталгаажуулж, ҮОХ-дод хүргүүлэх юм.