Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулсан 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, 2019, 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн залуу тамирчин, спортын мастер Дагвадоржийн Отгонжаргал дэлхийн медальтан боллоо. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2017, 2019 оны ДАШТ-д финалдаж мөнгөн медаль хүртэж байсан Румыний туршлагатай бөх Алина Вучийг оноогоор цэвэр (10:0) ялав.
Насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнд анхны медалиа тэр тусмаа дэлхийн дэвжээнээс авна гэдэг нь гайхамшиг юм. Түүний хэнээс ч айж бэргэлгүй тун зоримог, дайчин, шийдэмгий барилдаан Ослогийн дэлхийн аваргын чимж, таван барилдаанаас дөрөв ялснаар дэлхийд данстай бөх боллоо. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас хамгийн хөнгөн жинд медаль хүртсэн анхны бөх болж байна.
Сонирхуулахад, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар багш ДАШТ-ий 11 медальтанаа төрүүллээ.