Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны дарга Ц.Шаравжамц БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Соёлын атташе, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал ноён Чэнь Шуантай 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдөр уулзалт хийн “Бээжин 2022” өвлийн Олимп, Паралимпын наадамд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчдыг оролцуулахтай холбогдуулан 2 улсын хооронд биеийн тамир, спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтаар “Бээжин 2022”өвлийн Олимпын наадмын Зохион байгуулах хороон дээр Монгол улсаас биеийн тамир, спортын салбарын ажилтныг ажиллуулах, гүйлтийн цана, биатлон, пара гүйлтийн цанын спортын Үндэсний шигшээ багийн тамирчдыг өвлийн Олимпын наадам зохион байгуулагдах БНХАУ-ын Жанжиакоу /Жанчхүү/-д, тэшүүрийн тамирчдыг Бээжин хотод хамтарсан бэлтгэл хийлгэх, спортын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын ажилтнуудыг сургалтад хамруулах зэрэг асуудлаар хамтын ажиллагааг хэрэгжүүлэх саналтай байгаагаа уламжлав.
Үүний хариуд БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Соёлын атташе, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал ноён Чэнь Шуан саналыг хүлээн авч хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.