Азийн 23 хүртэлх насныхны аварга шалгаруулах тэмцээний “J” хэсгийн тоглолтуудыг эх орондоо хүлээн авч оролцож буй Монголын шигшээ баг өнөөдөр хэсгийнхээ хамгийн өндөр чансаатай баг Тайландтай 1:1-ээр тэнцлээ.
Өнөөдрийн тоглолтын эхний гоолыг Тайландын баг оруулж, тэд эхний хагаст 1:0-ээр тэргүүлэв. “J” хэсгийн хамгийн өндөр чансаатай баг Тайланд тоглолтыг тэргүүлж эхэлснээсээ хойш хэд хэдэн аюултай довтолгоог өрнүүлсэн ч таван хамгаалагчтай гарсан манай шигшээ багийн хамгаалалтыг сэтэлж чадсангүй.
Эхний хагаст хамгаалалтаа бат гэдгээ харуулж чадсан Монголын шигшээ шийдвэрлэх үед хэрхэн довтолж чадахаа үзүүлэв. Хэд хэдэн аюултай довтолгооны эцэст 10 дугаарын эзэн Б.Балжинням 76 дахь минутад алсын цохилтоор гоол оруулан, тоглолтыг харьцааг тэнцүүллээ.
Тоглолтын турш Тайланд хаалга руу есөн удаа цохиж дөрөвт нь хаалгаа оносон бол Монголын шигшээ баг долоо цохиж, гурван удаа хаалга оносон тун тэнцүүхэн үзүүлэлт гарсан байна.
Монгол болон Тайландын 23 насны шигшээ багууд анх удаа учраа таарч байгаа нь энэ биш. Хоёр баг 2017 оны долдугаар сарын 19-нд Азийн 23 насны АШТ-ий урьдчилсан шатанд учраа таарч, Тайландын талбайд тоглоход мөн 1:1-ээр тэнцэж байсан билээ.