Эдгээр өдрүүдэд Бүгд Найрамдах Грек Улсад зохион байгуулагдаж өнөөдөр дүнгээ гаргаж буй сонирхогчдын ДАШТ -нд манай улсаас 5 тамирчин өрсөлдсөн билээ. Тэмцээний 1700 хүртэлх олон улсын чансааны ангилалд МУ-ын өсвөрийн шилдэг шатарчдын нэг, өдгөө 12 настай, сурагчдын дэлхийн аварга, ОУШХ-ны дэд мастер НАРАНБОЛДЫН СОДБИЛЭГТ 1-2 байрыг ижил оноотой хуваан эзэлж, сонирхогчдын ДЭЛХИЙН ДЭД АВАРГА боллоо.
Улс, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, нийт Монголын шатрын ертөнцийг баярлуулахын сацуу Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээж, их амжилтын эзэн болж буй НАРАНБОЛДЫН СОДБИЛЭГТ-т болон түүний гэр бүл, дасгажуулагч Их мастер С.БИЛГҮҮН болон нийт дэмжигчдэд нь МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО халуун баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.
Түүнчлэн, 1700 хүртэлх ангилалд өрсөлдсөн шатрын зүтгэлтэн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН 75 шатарчдаас 5 оноогоор 29-р байр, 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.ТЭНҮҮНБОЛД 54 шатарчдаас 5,5 оноогоор 10-р байр мөн М.МАНДУХАЙ 5 оноогоор 17-р байр, 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.ХАЛИУН 35 шатарчдаас 3,5 оноогоор 29-р байр тус, тус эзэлж амжилт дүүрэн оролцлоо.