Монголын Үндэсний Бөхийн Холбоо 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага /МДЭҮБ/ авч наймдугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан.
Тухайн шинжилгээний хариу гарч МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдээлэл өглөө. Тэрбээр "Тухайн 18 бөхийн 4 бөхөөс нь допинг илэрсэн. Шинжилгээний хариу аравдугаар сарын 1 болон 25-ны өдөр ирсэн байгаа. Өөрсдөд нь хэлсэн байна. Арван хоногийн дотор тухайн бөхчүүд Б сорьцдоо орох эсэхээ бидэнд мэдэгдэнэ. Түүний хариу гармагц хэн хэн ямар бодис хэр хэмжээтэй хэрэглэсэн гэдгийг олон нийтэд мэдээлнэ" гэв.