МЭДЭГДЭЛ
Ойрын өдрүүдэд Нийслэл Улаанбаатар хотын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн болон өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг зохион байгуулахтай холбоотойгоор үл ойлголцол үүсээд байгаад МШХ нь дараах мэдэгдлийг хүргүүлж байна. Үүнд:
1/ ОУШХ-ны дүрэмд цахим болон танхимын тэмцээн хослож явагдах боломжгүй хэмээсэн гомдлын хариуд МШХ нь ОУШХ-с албан ёсны хариулт авсан ба энэхүү хариултад Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг танхимаар, уг тэмцээний шалгаруулалтуудыг цахимаар тус, тус зохион байгуулж болно гэсэн зөвшөөрлийг ОУШХ-ны хуулийн зөвлөх ноён Александр Мартынов МШХ-нд ирүүлсэн байна.
2/ Тэмцээний хураамж, харьяалалтай холбоотой бусад гомдол саналыг хүндэтгэн үзэж, өчигдөр буюу 10 сарын 28-ны өдөр МШХ-ны УЗ-ийн хурал цахимаар зохион байгуулагдсан бөгөөд энэхүү хурлаар цаг үеийн асуудлуудыг болон зарим байгууллага, хувь хүмүүсийн тэмцээний удирдамжтай холбоотой ирүүлсэн гомдол саналыг хэлэлцэж, улмаар олон нийтэд зарлагдсан Нийслэл Улаанбаатар хотын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнийг одоогийн удирдамжийн дагуу хэвийн зохион байгуулахаар МШХ-ны УЗ-ийн бүрэн ирцээс нийт 9 гишүүдийн (МШХ-ны Ерөнхийлөгч, УЗ-ын дарга Э.Гурванбаатар, УЗ-ийн гишүүн, ЕНБДарга А.Энхтуул, УЗ-ийн гишүүн Ц.Батчулуун, Д.Эрдэнэбат, С.Билгүүн, Э.Энхнар, Б.Ариунбүүвэй, Г.Харуулбаатар, Ө.Бат-Очир) саналаар дэмжлээ.
3/ Олон нийтийн дунд 11 сарын 1-с эхлэн тэмцээн уралдааныг танхимын 50% дүүргэлттэйгээр зохион байгуулах тухай мэдээлэл гарсан. Үүний дагуу, МШХ нь холбогдох байгууллагуудаас тодруулга хийхэд, дархлаажуулалтын вакцины 3 тунд заавал хамрагдсан байх шаардлагатай гэх мэт заалтууд байгаа тул бага насны хүүхдүүдэд энэхүү журам үйлчлэх боломжгүй байна. Цар тахал дельта хувилбараар өргөжөөд буй энэ үед МШХ-ны Удирдах Зөвлөлийн олонх гаргасан шийдвэрийнхээ дагуу тэмцээнийг хосолсон форматаар зохион байгуулж, хагас шигшээ шатыг нэг танхимд 30-с дээшгүй оролцогчидтой явуулах нь өсвөрийн шатарчдын эрүүл мэндэд эрсдэл бага гэж үзлээ.
Иймд, ОУШХ-ны албан ёсны зөвшөөрөл болон МШХ-ны УЗ-ийн шийдвэрийг үндэслэж та бүхний дунд үүсээд буй үл ойлголцолд албан ёсны хариултыг үүгээр хүргүүлж байна. Та бүхнийг тэмцээндээ идэвхитэй оролцож, хамтран ажиллахыг хүсье.
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО