Тус яамны харьяа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь тусламж үйлчилгээгээ өргөтгөн Тархины харвалтын нэгжийг шинээр байгууллаа.
Жил бүр дэлхий дахинд 17 сая хүн тархиндаа цус харваж, үүнээс 6,5 сая хүн нас барж, 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу үлддэг ба 6 секунд тутамд нэг хүн харвалтад өртөж байгаа гэсэн судалгаа байдаг.
Монгол Улсын хэмжээнд зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын дийлэнх хувийг тархинд цус харвалт, зүрхний шигдээс эзэлж, 2020 онд тархинд цус харвалт 24.5%, зүрхний шигдээс 41.9%-ийг эзэлдэг байна.
Тус эмнэлгийн Мэдрэлийн тасгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд тархины цочмог харвалтын эзлэх хувь 2018 онд 2 хувь байсан бол 2021 онд 6 хувь болж, жилээс жилд өсөх хандлагатай байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар баримтлах бодлогуудыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд тус нэгжийг ийнхүү байгуулаад байна. Ингэснээр хүн амын дунд тохиолдож буй тархины харвалтыг багасгах, эрт оношлох, эмчлэх, үр дүнтэй сэргээн засах, дахихаас урьдчилан сэргийлэх цогц тусламж үйлчилгээг бий болгоход түлхэц болж хүн амын эрүүл мэндийг хянах, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.