ХҮНД ЖИНГИЙН АНХНЫ ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ аравдугаар сарын эхээр Норвегийн нийслэл Ослод болж өндөрлөсөн. Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд буюу 125 кг-ын жинд Монголын тамирчдын үе үе авчирч чадаагүй Дэлхийн медалийг Завхан аймгийн Яруу сумын харьяат, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл авчирсан. Тэрбээр 1998 оны нэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүний аав Доёдын Мөнхтөр 1996 онд Завхан аймгийн баяр наадамд одоогийн улсын өсөх идэр начин Ц.Сумъяабэйстэй түрүү булаалдаж үзүүрлэн аймгийн заан цол хүртэж байжээ. Бөх хүн хүүгээ монгол эр хүний адилаар бөх болгох чин хүсэлдээ хөтлөгдөн бага хүү Лхагвагэрэлийгээ 10 настайд нь үндэсний бөхийн олон шилдэг хүчтэнүүдийг “Гарыг нь ганзганд” хүргэсэн ачтан, нэг нутгийн бөх, улсын начин, гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүүд шавь оруулсан.
Үндсээр бөхийн сууриа тавьсан тэрбээр 2017 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцоод шууд финалдаж хүнд жингийн шилдгүүдийн нэг ОУХМ Н.Золбоод ялагдан 19 настайдаа мөнгөн медаль хүртсэн. Өсвөр үе, залуучуудын улсын аваргаас хараахан медаль хүртээгүй явсан түүнийг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга УАШТ-ий дараа энэ жилийн Ослогийн дэлхийн аваргад хамтдаа хүрэл медаль хүртсэн ОУХМ Т.Тулгын хамтаар 19-хөн настай залуучуудыг сонгон авч үндэсний шигшээ багт багтаав. Түүний амжилт гэрлийн хурдаар өсч 2017-2019 оны хооронд 23 хүртэлх насны ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртснээс гадна Тахтийн цом, Дмитрий Коркин, “Байгаль Опен”, Дмитрий Миндиашвили, “Mongolia Open” гээд “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнүүдээс медаль хүртэж, ямархуу ирээдүйтэй бөх гэдгээ харуулсан. М.Лхагвагэрэл өнгөрсөн жилийн нэгдүгээр сард насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ барилдаанд Азийн аваргын зургаан медальтай, хашир туршлагатай ОУХМ Д.Хүдэрбулгыг ялснаар анх удаа Монгол Улсын аваргаар тодорч, Токиогийн олимпийн наадмын эрх олгох тэмцээнд барилдахаар болсон. Гэвч олимп цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдов. Энэ жилийн дөрөвдүгээр сард Казахстаны Алматы хотод болсон Ази тивийн олимпийн эрх олгох тэмцээнд Пакистаны Хароон Абидийг 12:2-оор, шөвгийн наймд Кыргызстаны Айаль Лазаревийг 7:2-оор, хагас шигшээд Японы Тэцүя Танакаг 9:0-ээр тус тус ялж шигшээд шалгарснаар зуны XXXII наадамд оролцох эрхийг авчирсан. Улмаар наймдугаар сард Монголын тамирчид тэртээ 57 жилийн өмнө анх мөрөө гаргасан түүхтэй Токиод таван тивийн шилдгүүд хуран цуглусан олимпийн дэвжээнд тавдугаар байрт орж олимп, дэлхийн медаль ойрхон байгаа гэдгээ харуулав. М.Лхагвагэрэл үүнийг нотлох мэт олимпоос ердөө хоёрхон сарын дараа Ослогийн ДАШТ-д анх удаа зодоглож 1/8 шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч дагахад Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн аварга, Казахстаны Олег Болтиныг 5:3-аар ялснаар Монголын чөлөөт бөхийн түүхэнд хамгийн хүнд жинд дэлхийн дэвжээнээс анхны медалийг авчирсан юм. Манай бөхчүүдээс 125 кг-ын жинд ОУХМ Ж.Чулуунбат “Баку-2011”, “Лас-Вегас-2015”, Н.Золбоо “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдан, медалийн үзүүрээс атгаад алдаад байсан. Жингийнхээ ах нарын авч чадаагүй медалийг авчирч монголчуудаа баярлуулав. Өдгөө 23 настай түүнд цаашид анхдагч гэсэн нэрээ өндөрт өргөж олимпийн медальтан төдийгүй дэлхийн аварга болох чин хүсэл мөрөөдөл дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна.
Сонирхуулахад, М.Лхагвагэрэл чөлөөт бөхөөс гадна үндэсний бөхөөр хар багаасаа тодорч өсвөр үеийн УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Завхан аймгийн баяр наадамд 2018, 2019 онд үзүүрлэж, 2020 онд Бүх цэргийн наадамд заан цолоо хоёр дахиа баталж, 2017, 2021 онд аймгийнхаа наадамд шөвгөрөөд байгаа. Түүний үеийнхэн болох улсын өсөх идэр начин Б.Орхонбаяр, аймгийн хурц арслан Б.Лхагвадорж, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Н.Өсөхбаяр, аймгийн начин Э.Батсуурь тэргүүтэй 1998 оны бар жилтнүүд одоо цагт Монгол үндэсний бөхийн ирээдүйн өнгөнд хүч түрэн орж ирээд байна.