Цаг үеийн мэдээ

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Сербийн нийслэл Белградад үргэлжилж байна. Гурван сарын өмнө ОХУ-ын Уфад болсон залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн “MJ” клубийн тамирчин ОУХМ Мөнхбатын Мөнхгэрэл эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд тавдугаар байрт оров. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальтай Туркийн Зенеп Йетгилд аргагүй туршлага дутан 3:8-аар ялагдлаа. Туркийн бөх өнгөрсөн сард Ослогийн дэлхийн аваргад нэг багшийн шавь, жингийн эгч, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяаг ялж “гомдоосон”. Хэдийгээр 19 настай М.Мөнхгэрэл медаль хүртэж чадаагүй ч нас залуу, цус шингэн байна, энэ ангилалд дахин дөрвөн удаа даагаа нэхэх боломжтой. 

Эрэгтэй бөхчүүдээс өнөөдөр барилдсан Б.Мөнх-Эрдэнэ (57 кг), Б.Сундуйжадамба (70 кг), Д.Батзул (79 кг) нарыг ялсан бөхчүүд шигшээд шалгараагүй тул тэмцээнээ өндөрлүүллээ.

Таны сурталчилгаа