Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэргүүтэй БХЯ, ЭМЯ-ны албаны төлөөлөгчид Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа.

Салбарын тэргүүнүүдийг хүрэлцэн ирэхэд тус эмнэлгийн дарга-ерөнхий эмч, дэд хурандаа Б.Энх-Од угтан авч, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, цар тахлын үед хэрэгжүүлэн ажиллаж буй үйл ажиллагааны явц, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулга хийсэн юм.

Танилцуулгын дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1500, улсын хэмжээнд 24 мянган ор дэлгэн ажиллуулсан. Харин сүүлийн нэг сард халдварын тохиолдол буурч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд шинээр дэлгэсэн тусгаарлах байруудыг татан буулгаж эхлээд байна. Мөн улсын хэмжээний гол эмнэлгүүдийн үндсэн ажил болох иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг шат дараатай эхлүүлэх ажлыг хэрэгжүүлээд байгааг дурдах нь зүйтэй. Энэ хүнд хэцүү цагт Цэргийн төв эмнэлгийн хамт олон ачааны хүндийг үүрч олон мянган иргэнийг халдварт өвчний аюулаас аварсаар байна. Тус эмнэлэг нь улсын хэмжээнд галт зэвсэг, хутга мэсний гэмтэл, хордлогын яаралтай тусламжийг үзүүлдгээрээ бусад улсын чанартай томоохон эмнэлгүүдээс ялгардаг онцлогтой. Энэ бол маш том гавьяа. Эрүүл мэндийн салбарын хувьд 2021 оны 3 дугаар сараас эхлээд гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн. Энэ нь

манай салбарт хийгдэх зайлшгүй реформ юм. Ингэснээр салбарын хөгжил нэг шатаар ахина гэж дүгнэж байна. Тус эмнэлэг ч энэ реформд шилжиж байгаатай уялдан эмчилгээ үйлчилгээгээ чанаржуулж, улам төгөлдөржүүлээрэй” хэмээн онцлов.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлэхдээ “Цэргийн төв эмнэлгийн хувьд гүйцэтгэлийн санхүүжилтийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтаа тодотгох шаардлагатай. Гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг нь тухайн эмнэлэг иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлснийхээ хариуд үйлчилгээнийхээ зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах тогтолцоо юм. Энэ нь цаашлаад эмнэлгийн хөгжлийг дэмжих, бие даан санхүүжилтээ зарцуулах боломжийг олгох давуу талтай. Эмнэлэг маань Монгол Улсын хэмжээнд нийгмийн өмнө хүлээсэн иргэд, цэргийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах үүргээ нэгэн зууны туршид амжилттай биелүүлсээр иржээ. Мөн БХЯ-аас Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагааг бодлогоор үргэлж дэмжсээр ирснийг энд онцлон дурдах нь зүйтэй. Цаашдаа ч эмнэлгийнхээ үйл ажиллагааг дэмжиж, энэ хүрээнд хэд хэдэн ажил хэрэгжүүлж байна. Тухайлбал, эмнэлгийн “А” корпуст иж бүрэн засвар хийсэн, тоног төхөөрөмжөө шинэчилсэн, удирдлага зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан зэргийг дурдаж болно. Бодлогын шинэчлэлийг цаашдаа ч үргэлжлүүлнэ. Мэдээж шийдвэрлэх ёстой асуудлууд байна. Ялангуяа амбулаторийн тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийн үйлдвэр, түргэн тусламжийн болон зөөврийн эмчилгээний машинуудыг шинэчлэн сайжруулах асуудал тулгамдаж байна” гэв.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан яаралтай хэрэгцээтэй байгаа хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өгөхөө мэдэгдсэн юм. “COVID-19” өвчнөөр өвчилсөн иргэдэд нэмэлт хүчилтөрөгчийн хэрэгцээ чухал шаардлагатай байдаг. Иймд бодлогоор ЭМЯ улсын томоохон эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байрлуулж байгаа ажлынхаа хүрээнд хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий тус үйлдвэрийг Цэргийн төв эмнэлэгт ийнхүү өгч байгааг тэр бээр энэ үеэр онцолсон юм.

Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус эмнэлгийн удирдлагуудад цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өглөө.

Таны сурталчилгаа