Цаг үеийн мэдээ

Үндэсний соёл урлагийг нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг дээшлүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах, Монголын үндэсний соёлыг дэлхийн соёлын ололттой нийцүүлэн хөгжүүлэх, Монгол түмний ахуй амьдрал, өв соёл, ардын уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, нэгтгэл, анги, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор ЦДБЭЧ-аас санаачлан, ЗХЖШ-тай хамтран зохион байгуулж ирсэн “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн эх орондоо 18 жил, хилийн чанадад буюу БНӨСУ-д 3 дахь жилдээ амжилттай явагдаж байна.

Энэхүү тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжиж, эхний жилд 6 анги, байгууллага оролцож байсан бол сүүлийн жилүүдэд тогтмол 30-34 анги, тэр тусмаа алслагдсан ангиуд, ҮБХИС, Цэргийн төв эмнэлэг зэрэг байгууллагууд оролцдог болсон юм.  

Оролцогчдын тухайд жил бүр нэг ангиас 6 оролцогч анги, байгууллагаа төлөөлөн оролцож ирсэн уламжлалтай бөгөөд өнгөрсөн жилүүдэд давхардсан тоогоор 3200 гаруй алба хаагч хамрагдаж, ардын уламжлалт ёс заншлаараа өрсөлдөж байна. Жил бүр тэмцээний удирдамжийн дагуу сонгож дуулах 10 дууны жагсаалт гаргаж, ардын богино дуу, харилцаа дуу, хошин дуу, домогт дуу, баруун Монгол ардын дуу гэх мэтээр өөрчлөн зохион байгуулсаар байгаа бөгөөд уг тэмцээн зохион байгуулагдсан цагаас хойш тасралтгүй оролцсон оролцогч энэ хугацаанд ардын 150  гаруй дууг сурч дуулсан тоон үзүүлэлт гарчээ.

Энэ хугацаанд шилдэг дэмбээчин, шилдэг дуучин, шилдэг удирдагч, шилдэг үйлчин зэргийг тодруулж, Ардын богино дуу дуулаачдын холбоо, Монгол цэргийн музей, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, “Говь хангай мебель”, “Талх чихэр” хувьцаат компани зэрэг үндэсний шилдэг үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж, тэмцээнийг жил бүр олон нийтийн телевизээр нэвтрүүлэн сурталчилдаг юм. 

Мөн нэгтгэл, анги, байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнийг соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр хамруулах зорилгоор ангийн захирагч нар, штабын дарга нар, ар тал, санхүүгийн дарга нарын дунд “Заавал дуулах дууны тэмцээн” зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил Тэргүүн ахлагч нарыг оролцуулж байгаа юм.

Тэмцээнд оролцогчид мэндчилгээ, монгол шагайн харваа, заавал дуулах дууны тэмцээн, оньсон тоглоом, Баруун Монгол ардын дуу, Монголын нууц товчооноос сэдэвлэсэн асуулт, хариултаар өрсөлдөхийн зэрэгцээ өдөр бүр “Шилдэг хөгжөөн дэмжигч баг”-ийг шалгаруулж ирсэн уламжлалтай.

 Зэвсэгт хүчний “Урлагийн марш тактик” хэмээн нэрлэгддэг энэхүү тэмцээн энэ жил Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын түүхт 90 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм.