Агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар "Утааны сонсгол"-оор хэлэлцэв. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ноцтой нэгэн баримтыг дэлгэлээ.
Тэрбээр "Утаатай саруудад жирэмслэлт цөөрдөг. Хүүхэд төрөх, хүүхэд олох тоо буурч байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Мөн агаарын бохирдол жирэмсэн эхчүүдийн урагт сөргөөр нөлөөлж, зүрхний цоорхой, өсөлт хөгжил удаашралтай, зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрөх эрсдэл нэмэгдэж байна" гэж мэдэгдэв.
Үүнээс гадна Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) дээр агаарын бохирдол жирэмсэн эх, нярайн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судалж, бодит тоон мэдээллүүдийг гаргасан гэдгийг тэр онцоллоо.
Судалгаагаар агаарын бохирдол зөвхөн амьсгалын замын өвчин төдийгүй, төрөлт, ургийн хөгжил, нярайн эрүүл мэндэд ч шууд нөлөө үзүүлдэг нь тодорхой болж байна. Утааны хор уршиг одоогийн байдлаар ч бүрэн судлагдаагүй, нарийвчилсан судалгаанууд үргэлжилсээр байгаа ч эцсийн дүндээ цэвэр агаар = эрүүл амьдрал гэдэг гарцаагүй үнэн улам батлагдсаар байна.