Цаг үеийн мэдээ

ХӨСҮТ-өөс Менингоккокт халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Томуугийн албаны тархвар судлаач Ч.Уртнасан энэ өвчний талаарх түүхэн мэдээллийг танилцуулсан. 1972-1974 болон 1994-1996 оны хооронд Менингоккокт халдвар манай улсад томоохон давалгаа үүсгэж, жилдээ 3000 гаруй хүн өвчилж, 100 гаруй хүүхэд нас барсан тохиолдлуудыг бүртгэсэн гэдгийг онцоллоо.

2025 оны байдлаар Менингоккокт өвчний улмаас нэг хүн нас барж, хоёр тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаа нь энэ халдварын эрсдэлийг дахин анхааруулж байна. Менингоккокт өвчний вакцин нь зөвхөн голомтод өртсөн хүмүүст хэрэглэгддэг бөгөөд ямар төрлийн вирус давамгай байгаагаас шалтгаалан үүний эсрэг үйлчилгээтэй вакцин захиалж хэрэглэдэг гэдгийг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд тайлбарласан юм. Вакцины захиалгын хүсэлтүүдийг аль хэдийн авсан бөгөөд тухайн үед шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн гэж мэдээллээ.

Менингоккокк өвчин дэгдсэн тохиолдолд улсын хэмжээнд бүх эмнэлгүүд тусгаарлах өрөөг бэлдсэн байна. Энэ нь өвчний тархалтыг хязгаарлахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэвч эцэг эхчүүдийн хувьд өвчний шинж тэмдгийг анзаарах хугацаа алдах тохиолдол гарч байгаа юм. Өндөр халуурсан дараа 6-8 цагийн дотор тууралт гарч, 10 цагийн дараа шокт орж, хурдтай хүндэрч эхэлдэг гэж эмч нар анхаарууллаа.

Хүүхдүүдийн хувьд цагаан халуурал буюу хүйтэн халуурал гэж байдаг тул эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн байдалд сайн анхаарах шаардлагатай. Бие нь сулрах, халуурч буй тохиолдолд ямар нэгэн хугацаа алдахгүйгээр эмнэлэгт хандах нь зүйтэй.

Менингоккокк вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор амны хөндийгөө сайтар зайлж хэвших хэрэгтэй. Тус вирус нь амархан тархаж, дасал болдог тул хэрэглэж байгаа уусмалаа 10 хоногийн хугацаанд солих, эсвэл ижил төрлийн орлуулагч ашиглах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Менингоккокк халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед бүх нийтийн хамтын хүчээр урьдчилан сэргийлэх, хүндрэлийг цаг алдалгүй эмчлэх нь амин чухал болж байна.

Таны сурталчилгаа