Цаг үеийн мэдээ

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул Гэрлэх ёслолын ордны захирлаар томилогдлоо. 

Ү.Оюунзул: Миний бие Монгол зон олны гал голомт бадраах хуримын ёслолын үйл ажиллагааг ёслол төгөлдөр 50 жилийн турш зохион байгуулж байгаа хамгийн сайхан энергитэй газар болох “Гэрлэх ёслолын ордон”-ы захирлаар томилогдон ажиллах боллоо. 

50 жилийн хугацаанд 50 мянга гаруй хос хуримаа хийсэн гайхамшигт ордныг 1976 онд Монгол Улсын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал Филатова санаачлан, ЗХУ-аас манай улсад барьж байгуулж бэлэглэжээ. Энэ сайхан байгууллагын үйл ажиллагааг өнгөрсөн, одоо, ирээдүйн алтан аргамж дээр зангидан ажиллахыг эрхэмлэнэ. 

Мөн Монгол төрийн ёс, өв соёл, уламжлал, зан заншил, Олон улсын жишиг, туршлага, сайн жишээг хослуулан хосуудын хуримын ёслолыг зохион байгуулахаас гадна гэр бүлийн үнэ цэнийг нийгэмд, залуучуудад ойлгуулах тал дээр анхаарч ажиллана гэсэн эхний бодлууд байна. 

“Гэрлэх ёслолын ордон”-ыг удирдаж байсан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлэхийн ялдамд, надад ажлаа хүлээлгэн өгсөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн М.Уянга хүндэт эгчдээ талархал илэрхийлье. Итгэл, сэтгэл, зүтгэлийг нь алдахгүй хичээн ажиллах болно. 

Их хотын төв цэгт байрлах Хуримын ордны үүд хаалга хүн бүхний өмнө нээлттэй байж, хайртай хосуудын хуримаа хийхээс гадна, хамтдаа уулздаг, суралцдаг, төлөвлөдөг болзооны хамгийн гоё орчин болгохын төлөө хамт олноороо хичээн ажиллана. 

Мэдээж, миний ажлын арга барилаар төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтална" гэлээ. 

Таны сурталчилгаа