Цаг үеийн мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 02-р сарын 03-ны 20 цагаас 2025 оны 02-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:          

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -37...-42 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр -30…-35 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -21…-26 градус хүйтэн байна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -21…-26 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -16…-21 градус, Алтайн өвөр говиор -1…-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар -6…-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад нутгаар -24...-26 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

2025 оны 02-р сарын 05-наас 02-р сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд хойноос секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн төв хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -26...-31 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5…-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна. 

Таны сурталчилгаа