Агаарын бохирдол, угаарын хийн эрсдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж буй "Утааны сонсгол" үргэлжилж байна. Энэ үеэр Анагаах ухааны доктор Б.Сувд угаарын хийн хордлогын ноцтой нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамны тайланд тулгуурлан мэдээлэл өгсөн.
Тэрбээр “2019-2025 оны нэгдүгээр сарын 22-ны байдлаар угаарын хийн цочмог хордлогод 11,968 хүн өртөж, 163 хүн нас барсан. Энэ нь агаарын бохирдол, угаарын хийн аюултай байдал, мөн зүй бус хэрэглээнээс үүдэлтэй хордлогын тоо жил ирэх тусам нэмэгдэж буйг харуулж байна” гэж онцоллоо.
Гэвч түүний мэдээлэл зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Сонсголд оролцсон нэг иргэн “Доктор Б.Сувд буруу мэдээлэл өгч байна. 2017-2025 оны хооронд угаарын хийн хордлогоор 794 хүн нас барсан гэсэн тоо байна. Шахмал түлш түлж эхэлсэн 2018 оноос хойш 720 хүн нас барсан. Гэтэл бүхэл бүтэн улс үндэстний өмнө 163 хүн нас барсан гэж хэлэхээс ичээч ээ” хэмээн бухимдлаа илэрхийлэв.
Тэрээр “Хүний амийг багадаа 1 тэрбумаар үнэлбэл 720 тэрбум төгрөгийг эдгээр хүмүүст нөхөн олгох ёстой” гэж нэмж хэллээ.
Утааны хор хөнөөл, угаарын хийн хордлогоос сэргийлэх бодлого, статистик тоон мэдээлэл зөрүүтэй байгааг энэ удаагийн хэлэлцүүлэг харуулж байна. Олон нийтийн дунд энэ асуудал эргэлзээ төрүүлж буй учир бодит тоон мэдээллийг ил тод, нэг мөр болгох шаардлагатай болжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан мэдээлэл хийв. Тэрээр "Эд нар яах аргагүй нэг хүний коммандаар явж байна. Танилцуулж байгаа материалууд нь өөрчлөгдөж орж ирээд байна. Хоргүй гэж яриад байна. Түрүү долоо хоногт ургийн зулбалт ихссэн гэж ярьсан бол өнөөдөр багассан гэж байна. Энийг бид нар юу гэж ойлгох юм бэ" гэлээ.