Цаг үеийн мэдээ

Монгол Улсын дотоодын дундаж улаан буудайн хэрэгцээ жилд 280 мянган тонн байдаг бол энэ жил 60 мянган тонноор илүү ургац аваад байна.  Ирэх дөрвөн жилд улаан буудайн тариалалтаа нэмэгдүүлж, гурилын экспортоос тодорхой хэмжээний орлого олох боломжтой гэж ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Болорчулуун хэллээ. Монголын гурилын үйлдвэрүүд сая гаруй тонн буудай нунтаглах боломжтой. Тариаланчдад энэ  байдлыг ашиглаж, улаан буудайн борлуулалтаас үл хамааран улаан буудай тариалах боломж нээгдэнэ гэж тэрээр нэмж хэлэв. 

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц. Болорчулуун: "Монгол улс БНХАУ-ын хооронд бараа бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох үеийн хорио цээрийн протокол тохирдог. Энэ хүрээнд бид нар 2017 оноос эхэлж БНХАУ-ын гаалийн ерөнхий газрын экспертүүд ирж Монгол улсад ажиллаад Монгол улсын нутаг дэвсгэрт ургуулсан хөх тариан болон улаан буудайн гурилыг импортолж авах талын хорио цээрийн хяналтыг хийгээд манай гурилын үйлдвэрүүд дээр ажилласан. 2021 оны 12 сарын 24-ны өдөр БНХАУ-ын гаалийн ерөнхий газраас нэр бүхий 12 үйлдвэрийн хөх тарианы болон улаан буудайгаар үйлдвэрлэсэн гурилыг БНХАУ импортолж авах зөвшөөрлийг олгосон.

"Ингээд 2 улсын хооронд албан ёсны хариу гарсны дараа бид нар гурилыг экспортлох бололцоотой болж байна. Энэ нь Монгол улс бол дотоодын зах зээлээ хангаад улмаар илүү гарч байгаа улаан буудайгаа үйлдвэрлэж экспортод гаргах бүрэн бололцоотой боллоо гэсэн үг. Бид га-ын ургацыг бага зэрэг нэмэгдүүлэхэд экспортын бүрэн боломж гарч ирж байгаа. Тариаланчид улаан буудайн борлуулалтаас ямар нэгэн хамааралгүйгээр тариалалтаа хийх бүрэн бололцоо үүсэж байна гэж харж байгаа. Манай гурилын үйлдвэрүүдийн сая гаруй тонн буудайг тээрэмдэх хэмжээний хүчин чадалтай үйлдвэрүүд байна. Ийм учраас бид нар улаан буудайн гурилыг экспортод гаргаж тодорхой хэмжээний орлого олох бүрэн бололцоотой"

Милл Хаус гурилын үйлдвэрийн менежер Г. Наранбаяр : "Манай Милл хаус /Mill house/ компани 2009 онд байгуулагдсан. Одоо 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манайх үйл ажиллагаандаа MNS  ISO9001 буюу чанарын менежментийн тогтолцоо MNS ISO22000 буюу хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлж ажиллаж байгаа. Манайх жилдээ 60 мянган тонн түүхий эд хүлээн авах хүчин чадалтай. Саяхан Хятад улсад Монгол улсаас гурил экспортлох шалгаруулалт явагдсан. Манай байгууллага энэ шалгаруулалтад тэнцсэн байгаа. Ингээд Монгол улсаас Хятад улс руу гурил экспортлох боломж нээгдсэнд бид баяртай байгаа"

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 

Таны сурталчилгаа