“Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, нүүдлийн малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх” төслийн удирдах хорооны анхны хурал боллоо.
Тус хурлыг төслийн удирдах хорооны дарга, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга удирдан явуулж, 2025 оны үйл ажиллагааны болон худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
Хуралд төслийн удирдах хорооны дэд дарга, Цаа буга маллагчдын олон улсын төв (ICR)-ийн гүйцэтгэх захирал ноён Андерс Оскал болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, ДДБОС-ийн Европ, Баруун Азийн бүс нутгийн биологийн олон янз байдал ба газрын доройтол хариуцсан шинжээч, хатагтай Леся Николаева нар оролцож, үг хэллээ.
Монгол орны хүлэрт намгархаг газар нь нүүрстөрөгчийг шингээх, усыг цэвэршүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалахад амин чухал экосистем юм. Гэвч хүлэрт намгархаг газар уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийг зохисгүй ашиглах, бэлчээрийн даац хэтэрсэн зэргээс доройтож, хүлэрт газраас ялгарах хүлэмжийн хий нэмэгдэж, экосистемийн үйлчилгээ багасаж байна.
Иймд энэхүү төслийн хүрээнд Монгол орны хүлэрт намгархаг газрын экосистемийн үйлчилгээг сайжруулах, ялангуяа эвдэрсэн хүлэрт газрын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон нутгийн уугуул, цаа буга маллагчдын чадавхыг бэхжүүлэх, газрын доройтлыг бууруулах, экосистемийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой. Төсөл нь үндсэн 3 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх бөгөөд 1 болон 2-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төлөвлөгдсөн 15 арга хэмжээг Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий аймгуудын сонгогдсон хүлэрт намгархаг газруудад хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгчээр Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв ажиллана.
Төсөл хэрэгжсэнээр нийт 1000 га хүлэрт намгархаг газрыг сэргээж, 1000 га газрын ландшафтыг тогтвортой менежментийн аргачлалаар сайжруулснаар нүүрстөрөгчийн шингээлт, экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлээд зогсохгүй, 20 жилийн хугацаанд 594 мянган тонн CO2 ялгарахаас сэргийлэх боломжтой гэж тооцсон бөгөөд төслийн өгөөж, үр ашгийг хамгийн багадаа 14000 хүн шууд байдлаар хүртэнэ гэж үзэж байна.